Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын Бразил орчмын аялал зугаалгын уур амьсгал эвгүй байна. Хувьдаа орон гэргүй, машин тэрэггүй, үгээгүй ядуу хүн гэж мэдүүлсэн Б.Батбаатар татвар төлөгч Та бидний мөнгөөр ах дүү, амраг саднаа газар үзүүлж, нүд тайлуулж яваа юм байна. Агуу хөлбөмбөгч Пелегийн эх оронд хамаатан садны “Тумбааш” багаараа, 30-уулаа тавтай тухтай аялан зочлохыг нь Та бид 685 сая төгрөгөөр спонсорложээ. Сошиал сүлжээнд солиотой гоё рийл хийлгэхэд 60 сая төгрөг зарцуулжээ. Нэг нь 10 сая, нийт 6 рийл нь 60 саяын төсөвтэй тул Б.Батбаатар гол дүрийг нь урласан, Америк тивийн зүг аяны жолоо залж, өрөнд орж, өтөнд баригдаад ч хамаагүй бидэн явж, хэрэн тэнэхүйц гайхамшигт клипний нээлтийг тэсэн ядан хүлээж байна. Төсвийн мөнгө уйлдаггүй ч уурламаар баримтуудыг Ар Монголын алдарт лайвчин Д.Мөнх-Эрдэнэ дэлгэлээ.
Б.Батбаатар ажилдаа ханцуй шамлан орж, 52 өдрийн дотор дэлхий тойрон явж, уур амьсгалын өөрчлөлтийг уг биеэрээ, ураг төрлөөрөө нэвт мэдрэх аялалд ердөө 2 хон тэрбум төгрөг төсвөөс гарсан байна. Америк руу 37 сая, Латин Америкийн Панам руу 312 сая, Африкийн Кени руу 378 сая, Бразил руу 685 сая, нийт 2 тэрбум төгрөгөөр аялан зугаалж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг өөрчлөөд хаяж байгаа юм байна. Төрсөн дүү Б.Баттулга, төрсөн эгчийн охин, өөрийн туслах, сайн дүү, найз, нам нам хэссэн нөхдийг юм үзүүлж, нүд тайлуулжээ. Зөвхөн Төсвийн хэмнэлтийн хууль түй ч хамаагүй бизнес ангиллын 2 дахин үнэтэй тийз, танилцах материал хэвлүүлэхэд 60 сая, уулзалт зохион байгуулахад 70 сая, машин түрээс 15 сая, видео шторк хийлгэж бидэнд гайхуулж сонирхуулахад 60 сая төгрөг гэх мэтээр үрсэн шиг үрж, зарсан шиг заржээ. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг ч төсвийн мөнгө уйлахаар баримтууд.
Тумбааш буюу эвтэй дөрвөн амьтан авто угаалгын газраас бизнесээ эхэлсэн Б.Батбаатар өнөөдөр эвгүй 40-үүлээ болтлоо өсөн үржиж, өнөөдөр хувьдаа орон сууцгүй ч хувьдаа намтай, хувьдаа машингүй ч хувьдаа яамтай болсон байна. АН-аас Иргэний зориг, ногоон намд орж, иргэний зориггүй, ногоорсон нам болгосон байна. Төсвийн мөнгө уйлдаггүй, түүнийг төлсөн иргэд ууртай байна. Уур амьсгал өөрчлөгдөж байна.
АДМИН







Нийгэм







