Наадмын бөхийн барилдааны хиймэл зүлэгтэй холбоотой асуудлаар зөвшилцөл хийлээ.
2024 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэвжээнд олон улсын стандарт бүхий хиймэл зүлэг дэвссэн ч өнгөрсөн жилийн баяр наадмаар уг зүлэг нь бөхийн барилдаанд тохиромжгүй, халтирдаг гэх шүүмжлэл дагуулсан.
Энэ асуудал дахин давтагдахаас сэргийлэхийн тулд Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ), Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд болон зарим бөхчүүд уулзалт зохион байгуулж байна.
Улсын аварга О.Хангай: -"Хар резин" гэж байгаа дүүргэгч материал нь бөхийн барилдааны үед хөлс шингээдэггүй, хаймар үнэртдэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байсан. Өнгөрсөн жил энэ зүлэг усаа шингээхгүй, хар резин, дүүргэгч материалаа хийгээгүй байсан учраас маш их халтиргаа үүссэн. Холбооны тэргүүний хэлж буйгаар 30-аад бөх халтирч, дөрөв нь бэртсэн. Миний мэдэхээр Ховд аймгийн Чандмань сумын заан Б.Пүрэвсайхан одоо хүртэл эмчлүүлж, заалны барилдаанд оролцож чадахгүй байгаа. Тиймээс энэ зүлгийг зайлшгүй солих хэрэгтэй. Дүүргэгч материалаа хар резинээр хийхгүй, өөр тохиромжтой материалаар шийдэх хэрэгтэй гэв.
"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: -Монгол бөхийн хиймэл зүлгийн стандарт гэж дэлхийд байхгүй. Бөхчүүд амьд зүлэг тарих боломж байна уу гэж асууж байна. Гэвч амьд зүлэг тарих нь маш өндөр өртөгтэй, арчилгаа их шаарддаг учраас боломжгүй. Харин хиймэл зүлгээ яаж сайжруулах, хамгийн бага халтирдаг стандартыг боловсруулах чиглэлд ажиллах шаардлагатай хэмээв.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: -Өнгөрсөн жилийн бөхийн барилдаанд 27-28 бөх халтирч, дөрөв нь бэртсэн. Зарим нь одоо ч эмчлүүлж байна. Та нар алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа ч энэ хэний хариуцлага вэ? Гүйцэтгэгч компани алдаа гаргасан, та бүхэн ч судалгаа, шинжилгээгүйгээр энэ зүлгийг хийлгэсэн. Төсвийн мөнгө "уйлахгүй" гэж дураараа юм хийж болохгүй. Өмнөх жилүүдэд ийм асуудал гараагүй. Алдаа гаргасан хүн хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Засаг дарга таримал зүлэг тарихаа мэдэгдэж байсан ч бодит байдал дээр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд шалгарсан компани төрийн байгууллагуудыг хуурсан. Тайзны асуудал ч байсан. Гэтэл долоодугаар сарын 6-нд "боломжгүй" гэж гэнэт мэдэгдэн биднийг хүндрүүлсэн. Та бүхэн доод албан тушаалтнууд, гүйцэтгэгч компаниудаа шахаж ажиллах ёстой гэв.
Бөх тайлбарлагч С.Гантөр: -Хиймэл зүлэг халтирдаггүй гэж ярьж байгаа ч бодит байдал дээр халтирч байна. Бөхчүүдийн хувьд суух суудал, нөхцөл байдал ч тааруу. Хоёр өдөр барилдаж байгаа бөхчүүд суудалгүй, шоовдорлогдсон байдалтай байж байна. Монгол бөхийн өмсгөл, гутал ч байгалийн зүлэгт илүү тохиромжтой. Хөлбөмбөгийн талбайн зүлэг халтирдаг учраас л тоглогчид шиптэй гутал өмсдөг шүү дээ хэмээсэн.
Хөлбөмбөг тайлбарлагч Э.Амарсайхан: -Бөхчүүдийн гутал хөлбөмбөгийн шип шиг хадаастай биш. Тиймээс үндэсний бөхөд тохирсон тусгай стандарттай зүлэг боловсруулах шаардлагатай гэлээ. Энэхүү уулзалтын гол зорилго нь ирэх баяр наадмын үеэр бөхийн барилдааны талбайн асуудлыг дахин гаргахгүй байх, шинэ стандарт боловсруулах, хиймэл зүлгийг сайжруулахад анхаарах явдал юм. Тухайн асуудлаар цаашид тодорхой шийдэл гаргаж, хариуцлагын тогтолцоог сайжруулахыг талууд онцоллоо.