Dark Light
Нийгэм | 2025-04-08

Б.ГАНЦЭЦЭГ: МАРГААШААС ЭХЛЭЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ СУУЛТ ХИЙЖ ХҮЛЭЭХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ЧД-ийн долдугаар хороонд байрлах Миний дэлгүүрт гал гарч, Нийслэлийн гал унтраах аврах 10 дугаар ангийнхан ажиллаж унтраасан. Энэ үеэр тасгийн дарга Д.Жанчив амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ар гэрийнхнээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Д.Жанчив агсны гэргий Б.Ганцэцэг: Миний хань одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ЧД-ийн долдугаар хороонд байрлах Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байх үедээ амиа алдсан. Бид хамт амьдраад 22 жил болсон байна. Таван хүүхдийн аав ээж болсон. 
Би ханиа алдсан энэ нэг жилийн хугацаанд маш их зүйлийг тууллаа. Маш олон даргын хаалгыг сахиж, элээж арга мухардахдаа өнөөдөр энд ингээд сууж байгаа даа маш их харамсаж байна. Ханийнхаа нэг жилийн ой дээр ингээд сууж байна гэж бодсонгүй. Миний хань Д.Жанчив онцгой байдлын байгууллагад 25 жил ажилласан. 1 биш, 2 биш, 3 биш, 4 биш, 5 биш, 10 биш, 20 биш 25 жил шүү дээ. Энэ бол маш урт хугацаа. Миний амьдралын маш урт хугацаа. Залуу гэр бүлийн хувьд бид бусдын л адил хөдөлмөрлөж, энгийн хөдөлмөрөөрөө амьдарсан. Миний хань 25 жил энэ албанд амиа ч хайрлалгүй зүтгэсэн. Миний хань өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ биелүүлсэн. Тэгвэл төр ямар үүрэгтэй юм бэ. Өнөөдөр үүнийг асуух гэж ирлээ. Яагаад өнөөдөр 25 жил төрд зүтгэсэн иргэнээ, алба хаагчаа төр үнэлэхгүй байгаа юм бэ. Үүн дээр маш харамсаж байна. Маш их гайхаж байна. Гомдолтой байна. Миний хань 25 жил ажиллахдаа 1:1 гэдэг албан тушаалд маш олон жил ажилласан. 1:1 гэдэг нь аливаа гал руу хамгийн түрүүнд ордог эрсдэлтэй алба. Энэ хугацаанд миний хань 7000 гаруй хүний амь насыг аварсан. Энэ тооны ард маш олон гэр бүл, аав ээж элэг бүтэн амьдарсан. Ийм л баатарлаг хүний гэр бүл өнөөдөр энд ингэж суугаад байж байгаа нь маш харамсалтай байна. Хүнээ алдсан гэр бүл, хань ижил ямар байхыг надаар хэлүүлэлтгүй хүмүүс ойлгох байх. Би өөрөө эрүүл мэндийн асуудалтай. Нэг жилийн хугацаанд ханийгаа алдсанаас хойш хоёр удаа хагалгаанд орлоо. Амьд үлдэх үү, үгүй юу гэдэг дээрээ тулаад одоо биеийн байдал харьцангуй дээрдэж бүтэн нэг жилийн хугацаанд төр засаг, онцгой байдлын байгууллагыг хүлээлээ. Хань минь өнгөрсний нэг жилийн ой өнөөдөр. Буруу зөрүү ярихыг үгүйсгэхгүй. Та бүхэн минь зөвөөр ойлгоорой гэж хүсэж байна. Маш их сандарч байна. 
Нэгдүгээрт, алба хаагчдын хувцас хэрэглэлийн талаар дурсахгүй байя гээд чадахгүй нь. Сэтгэл зүрх минь ч чимээгүй байхыг тэсэхгүй нь. Би энэ нэг жилийн хугацаанд өвчтэй ч гэсэн маш олон зүйлийг судалж мэдэж явлаа. Хүнээ алдсан хүн харамсахын дээдээр харамсана. Онцгой байдлын хувцас хэрэглэл өнөөдөр ямар байгаа вэ. Олон улсын стандарт нь ямар байдаг вэ. Манай Монгол Улсын стандарт ямар байх ёстой вэ гэдгийг мэдэхгүй учраас өөрөө чадахаараа судаллаа. Япон улсын гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл ямар байдгийг өөрийн биеэр явж үзэж, солонгосынх ямар байдгийг видео коллоор харлаа. Хятад улсад өөрөө хагалгаанд ороод явж байхдаа 2-3 газрын гал сөнөөгчдийн хувцас хэрэглэлийг үзэж танилцлаа. Миний ханийг алба хааж байх хугацаанд бодит хувцас хэрэглэл ийм л байсан. Энэ хүний амь насыг аврах уу? Аврагч хүний амь насыг хамгаалж чадах уу? Энэ малгай аврагч хүний тэргүүнийг хамгаалж чадах уу? гэдгийг хараад ойлгох байх. Хэдэн градуст шатдаг, хэдэн градусыг тэсвэрлэдэг вэ гэх мэт стандарт байдаг байх.
Манай Монгол Улс аливаа юмны хөгжлийн хойноос нь яваад байгаа юм биш үү гэдгийг хэлмээр санагдаад байна. Ард түмнийг аврагч авардаг. Тэгвэл аврагчийг хэн аврах юм бэ. Аврагч хүнийг хувцас хангамж хэрэгсэл л аварна. Одоо онцгой байдлын хувцас хангамж хэрэгсэл сайжирсан байна лээ. Саяхан шинээр тавьсан байна лээ. Гэхдээ өмнө нь яагаад өгч болоогүй юм бэ. Аврагч хүн, гал сөнөөгч хүн хоёрхон үндсэн эрхтэй байдаг. Нэг нь цалин хангамж, нөгөө нь хоол хүнс дээр өөрийнхөө эрхийг хамгаалж дугарах эрхтэй байдаг. Тэгвэл эдгээр хүмүүсийн эрхийг хамгаалдаг байгууллага, дугардаг хүн Монгол Улсад байхгүй юм байна. Цэрэг, цагдаа, онцгойн өдөр тутмын хувцсыг жилд нэг удаа тавьж болоод байдаг байж яагаад аврагч хүний амь насыг хамгаалах хувцас хэрэглэлийг нь тавихгүй ингэж удаад байдаг юм бэ. Сүүлийн хэдэн жилд нэг удаа тавьсан юм бэ гэдгийг би ОБЕГ-аас асуумаар байна. Хүний амь насыг авран хамгаалдаг эдгээр хүмүүсийн хувцас хэрэглэлийг хамгийн сайнаар олон улсын стандартад нийцсэн болгоод яагаад тавиад өгч болдоггүй юм бэ. Холбоо станц өнөөдрийг хүртэл яагаад алба хаагчдад байхгүй байгаа юм бэ. Миний ханьд холбоо станц байсан бол магадгүй өнөөдөр амьд байх байсан ч юм билүү. Японы холбоо станц хөгжчихсөн юм байна лээ. Малгайгаа өмсөхөд л станц нь холбоотой. Шилээ буулгахад хүн хаана байгаа харагддаг. Дулаан мэдрэгчтэй. Гэтэл манайх яаж байна. Хав харанхуй утаан дунд халуун төмөр тэмтчээд чимээ гаргах юу байна. Хоорондоо тэгж л харилцдаг шүү дээ. Энэ миний ханийн хуучин хувцаснууд. Өмд нь байнга урагддаг. Би энэ хувцсыг маш олон жил оёсон. Сэтгүүлч, зураглаачид очихоор хамгийн ганган хувцсаа өмсөөд хамгийн гоёороо л байдаг байх. Бодит байдал ийм л байдаг. 2024 онд өмсөж байсан хувцас хэрэглэлийг олох гэж нэлээд судалж үзсэн. Захын худалдааны сайтаас захиалаад авч болох хэмжээний л хувцас хэрэглэл. Ийм л өрөвдөлтэй юм өмсөөд ард түмэн улс эх орноо авран хамгаалахаар явдаг. Гал ус үер рүү ордог тэдгээр алба хаагчдынхаа хувцас хэрэглэлийг хангалттай сайн тавиад өгөөч ээ. Энэ хүмүүс чинь хувцсандаа л найдаж орж байгаа. 25 жил гал унтраасан туршлагатай миний хань амиа алдана гэдэг Монгол Улсын аврагчдын хувцас хэрэглэл ямар хэмжээнд байгааг хэлж буй маш том сануулга. Миний хань хэр баргийн зүйл рүү ороод амь эрсэдчихээр хүн биш. Маш олон шавьтай, маш олон аврагчийг бэлтгэж сургасан. Гал руу гар нүцгэн шахуу л орж байгаа юм. Энэ малгай зүгээр хогийн бункер шатахад л ийм болсон малгай гээд бодоод үз. Тэгэхэд 400 градуст тэсвэртэй гээд мэдээлэл хийгээд байгаа юм. Би европоос ийм хувцас олж ирсэн. Энэхүү хоёр хувцасны ялгааг шинжлэх лаборатори байдаггүй. Нүдээр харахад л илт ялгаа нь харагдана. Би энэхүү мэдэгдлээрээ Онцгой байдлын байгууллага руу дайраад байгаа юм биш. Ханийнхаа ч амийг нэхээд байгаа юм биш. Яагаад гал руу ордог эдгээр хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалдаггүй юм бэ гэдэг үүднээс л дугарч байгаа юм шүү. Та бүхэн зөвөөр ойлгоорой. 
Хоёрдугаарт, төрийн өмнөөс энэ хүмүүс амиа алдсан юм биш. Энэ хүмүүс тангараг өргөсөн хүмүүс. Би бол ханийгаа баатар гэж хэлмээр байна. Угаасаа баатар хүн мөн. Нас барсан хүнд баатар цолыг нөхөн олгодоггүй хуультай юм шиг байна лээ. Энэхүү шагнал ямар хэмжээнд байж, ямар хүмүүст олгогддог юм бэ гэдгийг асуумаар байна. 7000 за больё 5000 хүний амь нас гэдэг ямар их тоо билээ. Ийм хүний амь насыг аварсан хүн өнөөдөр нас барчхаад байна шүү дээ. Монгол Улс энх тайван орон. Дайн байлдаангүй. Тэгэхэд эх орныхоо төлөө яваа хүмүүс онцгой байдал, цэрэг, цагдаагийнхан л байгаа. Эдгээр хүмүүст өнгөрсөн ч гэсэн үр хүүхдэд нь энэхүү цолыг олгож болдоггүй юм уу. Хэчнээн төмөр ч гэлээ гэр бүлийнх нь, үр хүүхдүүдийнх нь хувьд, миний хувьд бахархалт цол. Зөвхөн манай гэр бүлд тохиолдсон асуудал энэ биш. Маш олон мундаг алба хаагчид өнгөрсөн. Тэдгээр хүмүүсийн өмнөөс хэлмээр санагдсан болохоор хэлж байгаа юм биш үү. Гавьяа шагнал авах болохоор дарга нар нь аваад байдаг. Гал ус руу орох болохоор эдгээр албан хаагчид л ордог. Орох орохдоо 4000, 5000 хүний амь нас авраад байна. Тэгсэн хэр нь шагналыг нь дарга нар нь хүртдэг. Эргүүлээд хариуцлага тооцох гэхээр тэр шагнал авсан дарга нарт тооцдог уу. Байхгүй шүү дээ. 
Гуравдугаарт, миний ханийг өнгөрөхөд хууль ёсны дагуу тэтгэвэр тэтгэмжийг бүгдийг нь олгосон манай гэр бүлд. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дүнжингаравын газны ослоор амиа алдсан гурван алба хаагчийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлсэн. Миний гэр бүл, миний үр хүүхдүүдэд яагаад ингэж шударга бус хандаад байгаа юм бэ. Энэ нэг жилийн хугацаанд маш олон даргын үүдийг татаж, хаалга элээлээ. Надад өнөөдөр энд суугаад ингэж ярихаас өөр сонголт үлдсэнгүй. Би Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид хандаж хэлмээр байна. Хуулийн хүрээнд шийдэж болдоггүй юм уу. Хууль нь болохгүй бол хүн чанарын үүднээс шударга хандаж яагаад болохгүй байгаа юм бэ. Ажилласан жилийг нь үнэлээч. Ажилласан жилийг нь үнэлдэггүй юм аа гэхэд тавын таван хүүхэд нь үлдчихээд байхад яагаад өнөөдөр төр үүргээ биелүүлэхгүй шударга бус хандаад байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн гурван өндөрлөгөөс асуумаар байна. Миний хань олны анхаарал дор өнгөрөх ёстой байсан юм уу. Тэгсэн бол тэр хуульд нь, тэр тусламжид нь миний үр хүүхдүүд хамрагдах ёстой байсан уу. Өнгөрсөн нэг жил миний хувьд маш урт хугацаа байлаа. Нэг жилийг маш тэсвэртэй хүлээлээ. Хууль яагаад ялгавартай хэрэгжээд байгааг асуумаар байна. Миний хань дөрөвдүгээр сарын 8-нд өнгөрсөн. Хууль зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Нөхөж хэрэгжих боломжгүй гээд байгаа. Ямар тэтгэмж авсан бэ гэвэл амь насны даатгал, 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гэсэн хоёр тэтгэмжийг авсан. 18 нас хүртэл нь аавынх нь цалинг хүүхдүүдэд нь олгоно гэдэг хууль хэрэгжихгүй юм байна лээ. Яагаад гэхээр хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа болохоор гэсэн. Миний хадам аав онцгой байдлын албанд насаараа ажилласан. Миний хань 25 жил зүтгээд амиа алдлаа. Миний хүү одоо онцгой байдлын албан хаагч болохоор суралцаж байна. Тэгэхээр би онцгойн алба хаагчийн бэр, эхнэр, ээж хүний хувьд үгээ хэлэх бүрэн эрхтэй гэж бодож байна. Тиймээс энэхүү хэвлэлийн хурлыг хийж байгаа юм шүү.  
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд үгээ хэлмээр байна. Миний бие Батхүү овогтой Ганцэцэг таныг зөв шийдвэр гаргаасай гэж хүлээгээд маргаашаас эхлээд гэр бүлээрээ суулт хийж хүлээх болно. Таныг энэрэнгүй шийдвэр гаргах байх гэж итгэж хүлээж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00