Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-д хүргүүлсэнтэй холбогдуулан Комиссын гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, мэргэжилтэн А.Балдангомбо нар “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2025.04.10/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Комиссын гишүүн С.Дондов өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс анх 1994 онд Өмгөөллийн тухай хуулийг баталж, 2002 онд шинэчлэн найруулсан. Гэвч энэ төрлийн харилцааг 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах болсонтой холбоотойгоор Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон. Хууль зүйн салбарын хэмжээнд өргөн хүрээний маргаан, саналын зөрүүтэй байсан хэдий ч УИХ-аас 2019 онд Өмгөөллийн тухай хуулийг дахин баталж эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэдийгээр Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгааг хангах талаар тодорхой зохицуулсан боловч уг баталгааг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй. Зөрчлийн тухай хуулийн 15.29 дүгээр зүйлээр “Өмгөөллийн тухай хууль зөрчих” гэсэн заалт өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхээр заасан нь өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна. Энэ нь НҮБ-ын “Хуульчдын гүйцэтгэх үүргийн талаарх үндсэн зарчмууд”-д заасан хуульч, өмгөөлөгчийн бие даасан байх зарчмыг алдагдуулж болзошгүй байна. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг шүүхийн, захиргааны гэх зэрэг аливаа байгууллага үгүйсгэж болохгүй. Гэвч эрх зүйн маргаан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн оролцоог үгүйсгэх, хязгаарлах байдал гарсаар байна. Энэ нь ХЭХЭЗБтХ-ийн 9 дүгээр зүйлд заасан хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээх зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах талаарх төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зөрчиж буй хэлбэр юм. Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэгдсэн бүртгэлд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 3,097 өмгөөлөгч байгаагаас өмгөөллийн эрхээ түдгэлзүүлээгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 2,238 өмгөөлөгч байна. Үүнээс эмэгтэй 1,115, эрэгтэй 1,123 буюу нийт өмгөөлөгчдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй өмгөөлөгч байна. Харин 61 өмгөөлөгч улсын өмгөөлөгчийн эрх аван ажиллаж байна. МӨХ-ны Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн хуулийн этгээдээс нийт 177 гомдол ирүүлснээс, маргаан үүсгэж, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлэсэн 26, гишүүний захирамжаар маргаан үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн 21, гишүүний захирамжаар маргааныг хэрэгсэхгүй болгосон 68, ажлын албаны хариу албан тоотоор шийдвэрлэсэн 42, хянан шалгагдаж байгаа 20 гомдол байна” гэлээ. Үргэлжлүүлэн Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал сэтгүүлчдийн эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Комисс нь 2024 онд “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-тай хамтран улсын хэмжээнд “Хүний эрх хамгаалагч болох өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр судалгааны ажлыг зохион байгуулсан бөгөөд нийт 426 өмгөөлөгчөөс анкет асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн 7 удаагийн ярилцлагад 27 өмгөөлөгчийг хамруулсан. Олон улсын хэмжээнд үйл ажиллагааны статус, төрлөөсөө үл хамааран хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлч бүр хүний эрх хамгаалагч юм. Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2020 оноос хойш жил тутам буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, 2024 оны байдлаар хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4,378 хүн ажиллаж байна. Насны хувьд нийт ажиллагчдын 28 хувийг 30 хүртэлх насныхан, 38 хувийг 30-40 хүртэлх насныхан бүрдүүлж байна. Тус салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, редактор, тоймч бөгөөд тэдгээрийн тал хувь нь сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал, “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэж дүгнэсэн бол 2024 онд Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг 51.34 оноотойгоор “муу” гэж дүгнэгдсэн бөгөөд 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан үзүүлэлт бөгөөд хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа улс орнуудын тоонд багтсан гэсэн үг юм гэлээ. Мөн “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны хүрээнд 424 сэтгүүлчээс анкетын асуулга авч, 5 удаагийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагыг 10 сэтгүүлчийг оролцуулан хийсэн судалгаанд хамрагдсан сэтгүүлчдийн олонх нь улс төрийн хараат байдал, хуулийн байгууллагаар шалгагдаж буйгаас үүсэж буй дарамт, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн хязгаарлалт, сэтгүүлчдийн эсрэг сэтгэл санааны дарамт шахалт, санхүүгийн хараат байдал зэрэг асуудал тулгамдаж байна гэж хариулсан. Монгол Улсад хэвлэл мэдээллийн байгууллагууд нь улс төрийн хамааралтай, хараат байгаагаас сэтгүүлчид заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт шахалтад өртөх эрсдэлтэй байна. Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 35 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнуудаас дарамт шахалт ирдэг. Харин 13.4 хувь нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан зөрчлийн хэрэгт шалгагдсан. Тэдний 14.1 хувь нь Улаанбаатар хотод, 8.3 хувь нь аймаг, орон нутагт сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө зөрчлийн хэрэгт шалгагдсан.
Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд дээрх асуудлуудыг тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар 24 дэх илтгэлийг хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоол батална гэдэгт найдаж байна гэлээ.