Dark Light
Нийгэм | 2025-04-15

Х.ЧУЛУУНБААТАР: ЦАГААН АЛТ ХӨТӨЛБӨР ЦАГААН ХОГ БОЛСОН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улс даяар Цагаан алт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. "Ноолуурыг самнаад угааж гаргана. 250 сая ам.доллар үлдэнэ, ашигтай бизнес болно" хэмээн салбарын сайд нь зүтгэчихсэн. Ийн түүхий ноолуурыг бүгдийг нь угаана гэх. Энэхүү шийдвэрийн нөлөө өдгөө хөрсөн дээрээ, малчид дээрээ хэрхэн тусаж байна вэ? Чөлөөт зах зээлийн зарчимд хааж, боох нь хэр үр ашигтай бол...

Ноолуурын ханш мэдэгдэхүйц хэмжээнд буусан гэж малчид ярьж байна. Өнгөрсөн жил нэг кг ноолуур 170-180 мянган төгрөг үнэтэй байв. Баруун аймагт 120-130 мянган төгрөг. Өдгөө төвийн бүсэд 150 мянган төгрөгөөр ноолуур авч буй. Тэгэхээр баруун аймгийн малчдын орлого мэдэгдэхүйц буурах прогноз байгаа юм.

Аймгуудын ноолуурын ханшийг дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар харвал:

  1. Архангай аймагт 120.000-125.000₮
  2. Баян-Өлгий аймагт 90.000-100.000₮
  3. Говь-Сүмбэр аймагт 125.000-130.000₮
  4. Дунд-Говь аймагт 110.000-120.000₮
  5. Дорнод аймагт 160.000₮
  6. Сүхбаатар аймагт 150.000₮
  7. Хэнтий аймагт 150.000-160.000₮
  8. Орхон аймагт 135.000-137.000
  9. Өмнөговь аймагт 80.000₮
  10. Хөвсгөл аймагт 130.000-135.000₮-ийн ханштай байна. 

Дорноговь аймагт нэг килограмм ямааны ноолуур 120 мянган төгрөгийн үнэтэй байгаа ч ноолуур худалдан авах аж ахуйн нэгж, хувь хүмүүс одоогоор алга байна. Энэ нь өнгөрсөн жилийн үнээс 20-30 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт бөгөөд малчдын хувьд орлогоо бүрдүүлэх чухал улиралд хүндхэн нөхцөл байдал үүсгэж байна. Тус аймгийн хэмжээнд нийт 700 мянга гаруй ямаа бүртгэлтэй бөгөөд нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур самнадаг байна. Ингэснээр жилд дунджаар 10-15 тонн ноолуур бэлтгэх боломжтой аж.

Сайншанд сумын малчин Д.Батдорж: Энэ жил цаг агаар гайгүй, салхи шуурга багатай байсан болохоор ноолуур маань шороогүй, цэвэрхэн гарсан. Гэхдээ одоогоор хэнд ч зарах боломж алга. Худалдан авагч гарч ирэх байх гэж найдсаар хадгалж л байна гэв.

Баруун аймгийн малчин Х.Чулуунбаатар: Хөдөө аж ахуйн сайд шийдвэрээ эргээд хармаар байна. Цагаан алт хөтөлбөр цагаан хог болоод байна. Баруун таван аймгийн түүхий эд очдог эмээлт түүхий эдийн зах одоогийн байдлаар ноолуур авах ченж байхгүй болсон. Зүүн аймгуудад ноднингийн баруун аймгуудад гарсан ханштай байна. 156 мянган төгрөг гэсэн үг. Ерөнхийдөө 120-130 мянган төгрөгийн хооронд байна. Зүүн аймагт ингэж гарсан ноолуурын ханш баруун аймагт яаж ирэх вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Хэд дахин бага ирнэ шүү. Өмнөговь аймагт ноолуур 80 мянган төгрөгийн ханштай байна. Баруун таван аймгийн ноолуур арай гарч эхлээгүй байна. Тавдугаар сарын 1-нээс эхлээд самнаж эхэлнэ. Баруун аймгууд түгшилттэй байгаа. 120-130 мянган төгрөгтэй ханш ирчих болов уу гэсэн горьдлого баруун аймгуудад байсан.

2022 онд гарсан угааж самнах тогтоол энэ жилээс хэрэгжиж эхэлж байна. Тэрийгээ цаг тулгаж хэлсэн. Хаана очоод угааж үйлдвэрлэх нь тодорхойгүй. Баруун аймгийн малчид ноолуураа 80-100 мянган төгрөгийн хооронд өгөхөд үнэхээр хайран. Түүхийгээр авах нь аваад яваг л дээ. Үйлдвэр, дэд бүтцээ шийдчихээд 100 хувь дотооддоо авъя гэж ярь л даа. Гэнэт л тэнгэрийн юм ярьж гарч ирээд. Хөрсөн дээрээ бид нарт үнэхээр хүнд тусаж байна гэв.

Байнгын хорооны хуралдааны үеэр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Дундын ноолуур авч байсан хүмүүс Монгол Улсад угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал 200-300 хувь бүрэн суурилсан. Одоо Монголдоо үйлдвэрлэ, алийн болгон бусдын түүхий эдийг үйлдвэрлэх вэ. Дэлхийд өрсөлдөх чадвартай 10 мянган тонн ноолуураа 100 хувь угаагаад,  100 хувь самначихая.  Самнасан ноолуур гэдэг бол Европ, Америкийн хамгийн том зах зээлд том тоглогч болно. Манай зарим иргэд Казахаас ноолуур оруулж ирээд Монголд угааж боловсруулаад Хятад руу экспортолсон статистик байна. Үйлдвэрлэх боловсруулах төвшнөө нэмэгдүүлээд байх тусам ноолуур улам үнэ цэнэтэй болно. Ноолуур бол алт. Угаагаад самначихвал гулуузалсан алт. Бэлэн валют юм шүү гэсэн юм.

Ямартай ч хоёр талын байр суурь тодорхой байна. "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд түүхий ноолуурыг дотооддоо угааж, самнаж боловсруулах зорилт тавьжээ. Салбарын сайд Ж.Энхбаярын хэлснээр Монгол улс технологийн хүчин чадлаа бүрэн суурилуулсан бөгөөд ноолуураа 100 хувь дотооддоо боловсруулж, олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжтой гэж үзэж байна. Газар дээрх бодит байдал Малчдын хувьд энэ шийдвэр орлого буурах, ноолуураа борлуулах боломжгүй болох эрсдэлийг авчирч байна.

Ж.Энхбаяр сайдын шийдвэр цаг хугацаа, дэд бүтэц, бэлтгэл хангалтгүй байсан нь тодорхой харагдаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг олон улсын зах зээл, Хятадын эрэлт, валютын ханш зэргээс хамаарч улирал бүр хэлбэлздэг. Үүнийг зөөлрүүлэх зорилготой төрийн хөндлөнгөөс оролцоо зарим үед амжилттай байсан (жишээ нь, махны үнийг хаврын улиралд барих бодлого). “Цагаан алт” хөтөлбөр ч мөн энэ жишгийг дагасан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00