Хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
-НИТХ-ын өчигдрийн хурлаар нийслэлийн гэр хорооллыг ногоон бүс болгох, эхний ээлжид 51 мянган айл өрхөд хийн болон цахилгаан халаагууртай болгох асуудал яригдсан. Ямар шийдвэр зохицуулалтыг эхний ээлжид гаргахаар болсон бэ?
-Улаанбаатар хотын агаарын бохирдол хэд хэдэн эх үүсвэрээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 57 хувийг гэр хорооллын айл өрхийн хатуу түлш буюу нүүрсний утаанаас үүсэж байна. 29 орчим хувь нь бидний өдөр тутамд хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянган тээврийн хэрэгслийн яндангаас гарч байгаа утаанаас үүсэлтэй байна. үлдсэн 10 орчим хувийг дунд оврын уурын зуух, нам даралтын зуухнууд бүрдүүлж байна гэдэг статистик гарсан. Тэгэхээр хамгийн том агаарын бохирдол үзүүлж байгаа зүйл нь гэр хорооллын айл өрх. Улс орнууд агаарын бохирдлоо шийдэхдээ орон сууцжуулах, хийн түлш рүү шилжсэн. Мөн цахилгаан халаалтын систем рүү шилжих. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотоос эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр дотоод гадаад бонд гаргаж ажилласны үр дүнд эрчим хүчний тасалдалгүй, дутагдалгүй болж чадсан. Бид энэ ондоо дахин 300 мвт орчим эрчим хүчний шинэ үүсгүүрүүд орж ирнэ гэсэн тооцоотой ажиллаж байна. Зарим дүүргүүдийг цахилгаан халаагуур руу шилжүүлэх боломжтой байгаа. Яагаад зарим гэж байна гэхээр дамжуулах шугамын ачаалалд өргөтгөл шинэчлэл хийж чадаагүй байна. Боломжит газрууд нь нэгдүгээр хорооллын арын гэр хорооллын зарим хэсэг, 3, 4 дүгээр хорооллын арын айл өрхүүд, Чингэлтэй дүүргийн дэнжийн мянга орчмын айл өрхүүдэд зарим хэсгүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх 0.4 шугамын ачаалал дийлэхээр байгаа. Дийлэхгүй хэсгүүдийг газын халаагуурт шилжүүлье гэдэг тооцоотой байгаа. Дулаанаа шийдчихсэн, дулаалгаа шийдчихсэн төхөөрөмжөө суурилуулсан айл өрхүүдэд бид есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд нийслэл Улаанбаатар хотоос энэ найман сарын хугацаанд нийт 900 мянга орчим төгрөгийн татаас өгнө.
-ТҮЦ эрхлэгчдийн холбоо юу шаардсан бэ?
-Надад одоогоор бичгээр ирсэн юм алга. Энэ бол 1990-ээд оноос эхэлсэн түргэн үйлчилгээний цэг. Орчин цагт ямар ч ариун цэврийн байгууламж байхгүй. Иргэдийн чөлөөтэй зорчих талбай дээр байршчихсан. Тэнд өдөр тутамдаа хүн бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ гараас гарт өгч байгаа. Иргэд талбай цэлийсэн байна. Амар тайван алхах замтай болж байна гэж дэмжсэн. Би бүх ТҮЦ эрхэлдэг иргэдэд хэлсэн. Манай Тамгын газрын дарга Амгалан хоёр санал тавьсан. Дипломтой ч бай, үгүй ч бай төр захиргааны байгууллагад ажилд авъя. Нийтийн тээвэр, Ус суваг, Орон сууцны контор, Тамгын газарт, нийтлэг үйлчилгээний гээд бүгдэд нь ажилд авъя гэсэн. Эдгээрийн цалин дандаа 2 сая төгрөгөөс дээш, 3 сая хэдэн зуу болчихсон. Ийм ажлын байруудад ажилд авъя гэсэн. Хоёрдугаарт, үнэхээр бизнес эрхэлье гэж байгаа бол Нарантуул дээр бүтэн жилийн түрээсийг төлөөд өгье гэсэн. Үгүй гэсэн.