Таван жилийн өмнө Ховд голд живж байсан 17 настай хүүгийн амь насыг аварсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн буудлагын зэвсэг, галт хэрэглэлийн инженер дэслэгч О.Сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагдахад өөрөөс нь ч илүү ихээр баярласан хүн бол бэлтгэлд байгаа цагдаагийн хошууч М.Ганболд, түүний гэргий Т.Сайнзаяа нар байв. Тэднийг ингэж онцлохын учир нь дэслэгч О.Сүлд тэдний дунд хүүгийн амь насыг аварч, үрээ эсэн мэнд авч үлдсэн эцэг эх нь хариу талархал болгож, баатарлаг үйлстэнд олгогддог “Шударга журам” медалийг нь өгүүлэхээр таван жилийн туршид хэл, хөлөө хүрэх газраар явсаар өнөөдөр харин биеллээ олсон нь энэ билээ.
"Дэслэгч О.Сүлдийн энгэрт “Шударга журам” гялалзуулсан нь элэг бүтэн гэр бүлтэйгээ үлдсний минь сэтгэлийн хариу юм” гэсээр магнай тэнэгэр суугаа Ховд аймгийн иргэн Т.Сайнзаяатай утсаар холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Таны тухай онцгойгийн байгууллагынхан маань бахдан ярьсаар байна. “Миний хүүг аварсан О.Сүлд дэслэгчийг алдаршуулж, хүүхэд залууст том үлгэрлэл үзүүлээч” гээд хэдэн ч удаа өргөдөл өгч, эрж сурч явсан талаар нь дууллаа. Энэ бол монголчууд бидний хадгалж авч үлдэх ёстой сайхан чанарын нэг л дээ ...
Юуны өмнө надаас ярилцлага авч байгаад баярлалаа. Намайг Т.Сайнзаяа гэдэг, боловсролын байгууллагад насаараа ажиллаж яваа эмэгтэй. Миний ханийг М.Ганболд гэдэг, Ховд аймгийн Цагдаагийн газарт замын цагдаагийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан цагдаагийн хошууч. Бид гурван хүүхэдтэй. 2020 оны долоодугаар сард найз нөхдөөрөө Алтай таван богд руу аяллаар явлаа. Хэд хэдэн найзууд гэр бүлээрээ нийлээд. Тэгэхэд манай дүүгийн найз нь гээд О.Сүлдийн аав ээж хоёр байж таарсан. Уг нь бид Эрдэнэбүрэн нэг сумынх юм билээ. Бие биеэ төдийлөн танихгүй ч зугаалгаар дөрөө харшуулан нийлээд, Алтай таван богдыг зорьсон нь тэр. Томчууд нь хоол цай хийж, хүүхдүүд гол дагуу тоглож байтал гэнэт дуу хадаж, голын дунд хэсгээс миний хүүгийн гар дээш хэд хэд сарвайснаа алга болчихдог юм байна. За тэгээд л тэнгэр нураад ирэх шиг л болсон. Тэр олон томчууд хэрхэн яаж аврах учраа олохгүй гол дагуу гүйсээр л. Тэгэхэд О.Сүлд л ганцаараа хүүгийн минь зүг рүү шумбаад орчихлоо. Хоёр хүү хоёулаа харагддаггүй. Тэр хэдхэн секунд миний хувьд амьдралын минь бүх цаг хугацаатай дүйцэх урт цаг хугацаа байсан. Төд удалгүй Сүлд хүүг минь голын дундаас чирч авчирч, томчууд хиймэл амьсгал хийж, сэргэхэд нь л би шокноосоо гарсан. Тэрхэн зуурт яах ч учраа олохгүй байсан, аав нь аялалд цуг яваагүй байсан болохоор “Аавд нь юу гэж хэлнэ дээ” гэж бодохоор л.
Хүүгээ шокноосоо гарсны дараа би тэнд цуг явж байсан аялагчдад ганц л зүйлийг амласан. “Би амьд яваа цагтаа О.Сүлд хүүд заавал хариу талархал барих болно. О.Сүлд бол манай гэр бүлийн баатар” гэж хэлсэн. Тэгээд л хүний амь аварсан хүнийг төр засаг нь яаж шагнадаг, хаанаас тодорхойлолт өгдгийг нь судалж, аймгийн ЗДТГ-т хэдэнтээ ч өргөдөл өглөө. Онцгой байдлын байгууллагад ч хоёр удаа бичиж өглөө. Өгчхөөд сураг ажиг байна уу гэж сураглаж хэдэн жил гүйлээ. Энэ үед цар тахлын амаргүй үе таарсан болохоор төрийн байгууллагуудыг буруутгахгүй байна. Аз тохиож Ховд аймгийн Онцгой байдлын газрынхан “Таны өргөдлийг ОБЕГ-таа хүргүүлсэн. Тэндээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт очно. Шийдэгдэх эсэхийг нь мэдэхгүй байна” гэж байсан ч асуудал эергээр эргэж О.Сүлд хүү минь авах ёстой медалиа хүртсэнд нь үнэхээр их талархаж байна. Хошууч генерал Г.Ариунбуян даргатай ОБЕГ, тэр дундаа аймгийн Онцгой байдлын газрын удирдлага хамт олонд баярлалаа. Ийм энэрэнгүй үйлстэй, баатарлаг офицертоо Зэвсэгт хүчин ч гэсэн өгөх шагнал, урамшуулах зүйл байвал өгөөсэй гэж хүсэх байна.
Та хүүгийнхээ талаар ярихгүй юу, одоо хаана суралцаж байна вэ?
Манайх гурван хүүхэдтэй. Би хүүхдүүддээ О.Сүлдийн ачийг хэзээ ч мартаж болохгүй шүү гэж үргэлж хэлдэг. О.Сүлд өөрөө бусдын хайрыг татсан, тусч энэрэнгүй, сайхан сэтгэлтэй зөвд зөөлөн хүү байна лээ. Одоо бүр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид офицер болчихсон алба хааж буйгаар нь бахархаж байна. Нөхөр бид хоёр түүнийг ҮБХИС-д суралцаж байхад нь олон мянган онжавуудынх нь өмнө бахархалтайгаар шагнуулчих юм сан гэж хөөцөлдсөн ч бүтээгүй. Харин энэ жил медаль нь эзэндээ ирсэнд баярлаж сууна даа. Залууст хандаж хэлэхэд талархлын халуун дулаан үгийг харамгүй хэлж сураарай. Тэтгэвэл тэнхэртэл нь, эмнэвэл эдгэртэл нь гэдгийн адил тусалбал тусалсан шиг тусал. Өгч байгаадаа хармын сэтгэлгүй өглөгч, тусалж байгаадаа хариу бодолгүй тусч байгаарай гэж л хэлье дээ.