Dark Light
Нийгэм | 2026-05-11

МОНГОЛЫН ТАРИАЛАН ОДОО Ч ТЭНГЭР ХАРСАН ХЭВЭЭР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хаврын тариалалт эхэлжээ. Жил болгон л “ургац яах бол”, “шатахуун өсөх нь”, “үр хүрэлцэх үү” гэсэн гурван асуулт Монголын тал нутгаар нэг явдаг. Энэ жил ч ялгаагүй. Гэхдээ тоо нь томорч, эрсдэл нь бүр ч том болжээ.

Улсын хэмжээнд энэ хавар 633 мянган га талбайд тариа, төмс, хүнсний ногоо тарина. Үүнээс 312 мянган га-д улаанбуудай. Үлдсэн нь төмс, хүнсний ногоо, тэжээл, тосны ургамал. Өөрөөр хэлбэл, Монголын идэх талх, малын тэжээл, намрын үнэ ханш бүгд энэ хаврын шороон дунд шийдэгдэнэ гэсэн үг.

Аз болж улаанбуудайн үр дээр санаа зовох зүйл бага аж. Өнгөрсөн жилийн ургацаас 29 мянган тонн үр нөөцөлсөн. Түүнийгээ заримыг нь зээлээр, заримыг нь шууд борлуулаад тариаланчиддаа тараачихаж. Ядаж буудай дээр “үргүй боллоо” гэж орилох хэмжээнд очсонгүй.

Харин төмс дээр асуудал босчээ. Монголчуудын хамгийн “ард түмний” хүнс болсон төмсний үр дутагдалтай. Энэ жил 16 мянга гаруй га-д төмс тарих тооцоо гарсан ч үр нь хүрэхгүй. Ингээд л Оросоос үрийн төмс импортлох ажиллагаа эхэлсэн байна. Дөрвөн компаниар дамжуулж 4000 тонн үр оруулж ирэх гэрээ хийжээ. Үнэ нь килограмм тутамдаа 1800-2300 төгрөг. Гэхдээ тариаланчид дуртайдаа бөөнөөр нь аваад байгаа юм биш. Боломжоороо л авч байна.

Уг нь төмс бол Монголын хөрсөнд хамгийн амархан нутагшдаг ургамал. Гэтэл өнөөдөр үрээ хүртэл гаднаас гуйж сууна гэдэг өөрөө эмгэнэл. Нефть ч гаднаас, үр ч гаднаас. Ган гачиг болбол хоол ч гаднаас. Ингээд бодохоор “хүнсний аюулгүй байдал” гэдэг үг индэр дээр ярих амархан ч газар дээрээ их өрөвдөлтэй харагддаг.

Нөгөө талдаа байгаль арай нааштай шинжтэй. Өнгөрсөн өвөл Дархан, Сэлэнгэ, Булганаар цас ахиу орсон учраас хөрсний чийг боломжийн гэнэ. Урьдчилсан төлөвөөр энэ жилийн бороо олон жилийн дундаж орчим байх магадлалтай. Хэрэв тэнгэр хангай харж үзвэл гайгүй ургац авах найдлага бий. Монголын тариалан одоо ч цаг уурын өршөөл дээр тогтож байгаа салбар хэвээрээ.

Гэхдээ тариаланчдыг хамгийн их айлгаж байгаа зүйл нь бороо биш. Шатахуун.

Ойрхи Дорнодод дайн самуун гармагц Монголын тариачин хүртэл чичирдэг тогтолцоотой улс болчихсон. Учир нь дизельгүйгээр нэг ч трактор хөдөлнө гэж байхгүй. Судалгаагаар бол нөхцөл байдал даамжирвал намар нэг литр шатахуун 9700 төгрөг хүрч магадгүй гэсэн тооцоо хүртэл гарчээ. Тиймээс хаврын ажлаа зогсоочихгүйн тулд төр нефть импортлогчидтой тохиролцож, 7000 тонн шатахууныг литрийг нь 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлсэн байна. Зах зээл дээр бөөний үнэ нь 4300 хүрчихсэн үед шүү.

Энэ бол зах зээлийн эдийн засаг биш. Гал унтрааж байгаа л хэлбэр. Гэхдээ өөр арга ч алга. Намар шатахуун өсчихвөл ургацын өртөг дагаад өснө. Өртөг өсвөл гурил, төмс, хүнсний ногооны үнэ өснө. Эцэст нь хотын дэлгүүр дээр очоод иргэд л цохилт авна.

Төр энэ жил тариаланчдад 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргажээ. Өмнөх жилүүдээс нэмэгдүүлсэн дүн. Үүний ихэнх нь эргэлтийн хөрөнгө, үлдсэн нь техник, хүлэмж, услалтын системд зориулагдана. Гэхдээ банк гэдэг байгууллага “эх оронч” сэтгэлээр зээл өгдөггүй. Эрсдэлээ л харна. Өнгөрсөн жилийн ганд цохиулсан тариаланчид зээлийн ангилал дээр асуудалтай. Тиймээс төр банкуудад “хар данс руу битгий түлхээд бай” гэж гуйж суугаа дүр зурагтай.

Эцэст нь дүгнэхэд энэ жилийн хаврын тариалалт нэг их өөдрөг ч биш, сүйрчихсэн ч биш байна. Үрээ арай гэж базаажээ. Шатахуунаа аргацаажээ. Зээлээ шахаж гаргажээ. Одоо үлдсэн нь бороо. Монголын тариалан XXI зуунд ч тэнгэр ширтсэн хэвээр.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10