Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1 сая 196 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаагийн 563 мянга нь эмэгтэйчүүд байна. Гэвч тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшин ердөө 48.6 хувь байгаа нь маш бага үзүүлэлт гэж үзэж болохоор байна.
Эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр бүл, ахмад настныг асрах цалин хөлсгүй асрахуйн ажилд ихэнх цагаа зарцуулдаг нь тэдний ажиллах хүчний оролцоонд шууд нөлөөлдөг. Судалгаагаар Ази, Номхон далайн бүс нутгийн эмэгтэйчүүд дэлхийн бусад бүс нутгийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4 дахин их цагийг үнэ төлбөргүй асрахуйн ажилд зарцуулдаг байна.
Гэсэн хэдий ч ажиллах хүч дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж чадвал Монгол Улсын ДНБ-ийг 26 хувиар өсгөх боломжтой гэж судалгаанд дурджээ.
2024 оны байдлаар улс даяар 15 аймаг, 6 дүүрэгт ажиллаж буй хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд 315 эмэгтэй хүүхэд асрагч ажиллаж байна.
Иймээс цаашид Монгол Улс асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрх тэгш, хүртээмжтэй эдийн засаг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ нь зөвхөн жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал хувь нэмэр оруулах юм.