Монголын 48 кг-ын бөх, Орос, Беларусь, Дундад Азийн орнуудын хүнд жингийн бөхчүүдтэй барилдана. Манай бөх өөрөөсөө хүнд жинтэй өрсөлдөгчдөө уран мэхийг уралдуулан хийлээ гэхэд цаана давхар шүүлтийн будилаан хүлээж байвал яах вэ?
Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээр нэрийн дор Монголын шилжилтийн насан дээрээ яваа үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид Орос, түүний эзэмшилд байсан улс орнуудын том зах зээл дээр хүнд жингийнхэнтэй эх орныхоо багахан дэвжээн дээр өрсөлдөх гэж байна. Тамхинаас эхлээд 367 төрлийн бараа ямар ч татвар гувчуургүйгээр Монголын зах зээлд орж ирнэ. Зөрүүлээд мах гаргая гэхэд мал эмнэлэг, хорио цээрийнх нь элдэв болзол нөхцөл, илтэд дээрэнгүй зан харилцаа, хүнд суртал, зах зээл дэх мафийн сүлжээ Монголын компаниудыг угтаж байна. Тамхины 30 хувийн онцгой татвар бол хүн амаа хорт зуршлаас хамгаалах нэг төрлийн хэрэгсэл. Гэтэл илүү чанартай Япон, Солонгост үйлдвэрлэсэн тамхи 30 хувийн татвартай, тэдний нэрээр Казахстанд хийсэн нь огт татваргүй байх гэх мэт эрүүл биш согтуу хүн эрүүгээ сунгасан хэлэлцээр хийвэл Монгол далаараа цэвэр тавиулж, үндэсний компаниуд өвдөг сөхөрнө.
Япон, Европын холбоотой яг ийм гэрээ байгуулаад, үйлдвэрлэгч улс нь хожиж, хэрэглэгч орон нь хохирч үлдсэн эртний биш саяхны сургамжийг эрүүлдээ уншиж, согтуудаа санамаар байна.