Төв Азиар мэргэшсэн Европын бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага болох "Novastan" сэтгүүлд өгсөн судлаач Лхаажавын Болорын ярилцлагыг Zogii.mn тоймлон хүргэж байна.
Монгол Улс Орос, Хятад хоёрын хэнийг нь сонгох вэ гэдэг сонголттой нүүр тулаагүй бөгөөд хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцахын зэрэгцээ "Гуравдагч хөрш"-ийн бодлогоо улам тэлж байгааг судлаач Лхаажавын Болор онцоллоо.
Олон улсын тоймч, Зүүн болон Зүүн Хойд Ази судлаач Лхаажавын Болор Европын "Novastan" сэтгүүл залуу судлаачдыг онцолдог буландаа ярилцлага өгч, Монгол Улсын гадаад бодлогын стратеги, геополитикийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэжээ. Тэрээр Орос, Украины дайны дараах бүс нутгийн өөрчлөлт, критикал эрдэс баялаг болон гуравдагч хөршүүдтэй хийж буй түншлэлийн талаар сонирхолтой байр суурь илэрхийлсэн байна.
Орос, Украины дайн ба эрчим хүчний хамаарал
Судлаач Лхаажавын Болор Оросын зүгээс дотоодын хэрэгцээгээ хангахад илүү анхаарч буй энэ үед Монголд шатахууны тасалдал үе үе үүсэж байгааг тэмдэглэв. Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, гуравдагч хөршүүдтэй хамтран ажиллах шаардлагатайг сануулж байна. Тэрээр "Өнөөгийн нөхцөлд Монгол Улс эрчим хүчний хувьд бүрэн хараат бус болно гэдэг бодит байдалд нийцэхгүй. Гэхдээ хоёр хөрш маань ямар нэгэн мөргөлдөөнгүй, тайван байх нь манай улсын стратегийн гол ашиг сонирхол юм" гэжээ.
Гуравдагч хөршийн бодлого: Сөрөх тэнцвэр биш, нэмэлт боломж
Гадаадын ажиглагчдын дунд Монгол Улсыг хоёр хөршийнхөө нөлөөллийг сөрөхийн тулд "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг хэрэгжүүлдэг гэх өрөөсгөл ойлголт байдаг. Харин Лхаажавын Болор үүнийг үгүйсгэж, "Гуравдагч хөршийн номлол бол хоёр хөрштэйгөө тогтоосон бат бөх харилцааг орлох бус, харин түүнийг баяжуулж буй нэмэлт тулгуур юм" гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Орос, Хятад хоёрын аль нэгийг нь заавал сонгох ямар ч шаардлагагүй, орчин үеийн дипломат харилцаанд ийм сонголт үйлчлэхгүй гэдгийг тодотголоо.
Улс орнуудын сонирхол ба Монголын давуу тал
Монгол Улс Зүүн Хойд Азидаа нутаг дэвсгэрийн маргаангүй, түүхэн гомдол үлдээгүй цорын ганц улс гэдгээрээ геополитикийн маш том давуу талтай. Энэ ч утгаараа гуравдагч хөршүүд өөр өөрийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
- Өмнөд Солонгос: Газрын ховор элемент зэрэг эрдэс баялгийн нийлүүлэлтээ төрөлжүүлэх сонирхолтой бөгөөд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (CEPA) байгуулж, татварыг 2-5 хувиар бууруулсан. Улаанбаатарт эрдэс баялгийн судалгааны төвөө ч нээгээд байна.
- Франц: Цөмийн эрчим хүчний салбартаа зориулж 2025 онд 1.6 тэрбум ам.долларын ураны томоохон хэлэлцээрийг амжилттай үзэглэсэн.
- Энэтхэг: Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрт 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд уг үйлдвэр 2028 онд ашиглалтад орохоор хүлээгдэж байна.
- Европын Холбоо: Хүний капитал, иргэний нийгэм, ногоон шилжилт болон засаглалыг дэмждэг. Мөн Монгол Улс дата төвүүд байгуулж, цахим үндэстэн болоход ЕХ-ны Хиймэл оюун ухааны хуулиас суралцах зүйл их байгааг тэрээр онцоллоо.
- АНУ болон Дональд Трампын засаг захиргаа: Дональд Трампын засаг захиргааны үед АНУ-тай байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах магадлал бага байна. Учир нь өнөөгийн Цагаан ордны тэргүүлэх чиглэлүүд манай улсын суурь үнэт зүйлстэй төдийлөн нийцэхгүй байгааг судлаач тэмдэглэв. Вашингтоны зүгээс Монголын газрын ховор элемент бусад эрдэс баялгийг сонирхож байгаа ч АНУ-ын Москва, Бээжинд барьж буй геополитикийн хатуу байр сууриас шалтгаалан Улаанбаатар томоохон хэлэлцээр хийж чадна гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байна. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хамгийн том бодит хөрөнгө оруулалт нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж буй Усны компакт гэрээ юм.
Хөгжлийг гацааж буй гол чөдөр юу вэ?
Судлаач Лхаажавын Болор ярилцлагынхаа төгсгөлд Монголын гадаад харилцаа, эдийн засгийн төрөлжилтийг урагшлуулахад гадаад орчин гэхээсээ илүү дотоод хүчин зүйл чөдөр болж буйг шууд шүүмжилсэн байна. Тэрээр: "Гадаадын түншүүдийн хөрөнгө оруулалтыг татахад манай улс төрийн тогтворгүй байдал, засгийн газар солигдох бүрд төлөвлөгөө, төсөв нь өөрчлөгддөг явдал, татварын системийн тогтворгүй байдал болон авлига хамгийн том саад болж байна" хэмээн анхааруулжээ.
Монгол Улсын хувьд ирэх 5-10 жилд амжилттай төрөлжилт хийнэ гэдэг нь зөвхөн уул уурхай биш соёл, боловсрол, технологи, инновац зэрэг орчин үеийн нийгмийн бүхий л салбарт "Гуравдагч хөрш"-ийн нөлөөг шингээхийг хэлнэ гэдгийг тэрээр тодотгосон байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр





