АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Венесуэлийн Гадаад хэргийн сайд Оливер Бланкотой Вашингтон хотноо уулзах үеэрээ тус улсын улс төрийн ирээдүйн талаар хэлэлцэж, Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс дэвшүүлсэн тогтворжуулалт, эдийн засгийн сэргэлт, улс төрийн эвлэрэл болон ардчилсан шилжилт гэсэн гурван үе шаттай төлөвлөгөөг дахин нотолсон тухай Zogii.mn урьд нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Марко Рубио Венесуэлын ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх 2027 онд зохион байгуулах нь "туйлын тохиромжтой" гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ тэрээр сонгуулийн санал хураалтыг явуулахаас өмнө тус улсад институцийн болон бүтцийн томоохон шинэчлэлтүүдийг заавал хийх шаардлагатайг анхааруулсан байна.
АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Цагаан ордонд The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа Вашингтоны зүгээс Венесуэлыг ардчилалд шилжих үйл явцыг бүх талаар дэмжин ажиллаж байгааг дурджээ. Марко Рубио чөлөөт, шударга сонгууль явуулахын тулд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх хэд хэдэн гол алхмуудыг дараах байдлаар тодорхойлсон байна.
-
Шүүх болон сонгуулийн байгууллагыг шинэчлэх: Николас Мадурогийн засаглалын үед түүний талыг баримтлагч шүүгч, албан тушаалтнуудаар дүүрсэн байсан Венесуэл улсын Дээд шүүх (TSJ) болон Үндэсний сонгуулийн зөвлөл (CNE)-ийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь сольж, хараат бус шинэ хүмүүсийг томилох шаардлагатай. АНУ-ын зуучлалаар явж буй Венесуэлын түр засгийн газар болон сөрөг хүчний хэлэлцээний үр дүнд ирэх 12 дугаар сарын дунд үе гэхэд шинэ Дээд шүүх байгуулагдана гэж найдаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт сонгуулийн зөвлөлийн шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
Зэвсэгт хүчний дэмжлэгийг авах: Аливаа улс оронд засаглалыг тогтвортой авч явахад аюулгүй байдлын хүчний туслалцаа, зөвшилцөл нэн чухал байдаг тул Венесуэлын зэвсэгт хүчний зүгээс ирээдүйн шинэ засгийн газрыг дэмжих уур амьсгалыг бүрдүүлэх ёстой.
-
Үндэсний өрийг бүтцийн өөрчлөлтөд оруулах: Венесуэл улс одоогийн байдлаар 200 гаруй тэрбум ам.долларын өрийн дарамттай байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт болон эдийн засгийн сэргэлтэд гол саад болж байна. Өрийн бүтцийг өөрчилснөөр АНУ-ын зүгээс тавьсан эдийн засгийн хатуу хоригуудыг шат дараатай цуцлах боломж бүрдэх юм.
Түүнчлэн Марко Рубио Вашингтон болон Каракас хоорондын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Венесуэлын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүдэд эрх зүйн хамгаалалт тогтоох боломжтой хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. ,
Энэ оны нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын тусгай ажиллагааны үр дүнд Ерөнхийлөгч асан Николас Мадуро баривчлагдсаны дараа Дональд Трампын засаг захиргаа тус улсыг шилжилтийн үед нь удирдаж, газрын тосны баялгийг нь хамтран зохицуулна гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд одоогоор Дэлси Родригес түр ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байна. Венесуэлын сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо мөн 2027 оны дунд үе гэхэд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах замын зургийг гаргахыг уриалж байгаа билээ.
ТАТАР МАЙДАР






Улс төр




