Реппер Канье Уэст өнгөрөгч ням гаригт өөрийн твиттер хаягаар дамжуулан 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан. Түүний энэхүү жиргээний доор тэрбумтан Элон Маск тэргүүтэй эрхмүүд болон үнэнч фенүүд нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Гэсэн ч алдартай уран бүтээлч төдийгүй сайн бизнесмэн гэгддэг тэрбумтан Канье Уэст одоогоор ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших өргөдлөө хүргүүлсэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.
Тиймээс ажиглагчид Канье Уэстийн энэхүү үйлдлийг удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөгдсөн студийн 10 дахь цомог буюу “God’s Country” цомгийн маркетингийн идэвхжүүлэлт байх талтай гэж үзэж байгаа аж. Тэгвэл АНУ-ын Сангийн яамны мягмар гаригт ил болгосон баримтад тусгагдсанаар Канье Уэстийн “Yeezy” брэнд ердөө 106 ажлын байраа хадгалах зорилгоор “Холбооны Засгийн газрын цар тахлын хямралаас хамгаалах сан”-гаас 2-5 сая ам.долларын ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл авсан болох нь ил болсон байна. Бэлэн хувцас, пүүз үйлдвэрлэгч “Yeezy” брэнд нь дэлхий дахинд 1100 гаруй салбартай бөгөөд тус брэндийн спорт гутлууд дунджаар 350 ам.доллаар худалдаалагддаг. Компанийн зүгээс Сангийн яамны баримттай холбоотой асуудлаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: CNN