Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ танхимдаа Соёлын яамыг шинээр байгуулж байгаа. Соёлын сайдаар С.Чулууныг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл дэмжсэн билээ. Тэрээр одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Мөн ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй. Тэрээр 1999 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд 2001 онд тус сургуульдаа нийгмийн ухааны чиглэлээр магистрын цолоо хамгаалсан.
2010 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн, 2015 оноос Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм.
Тэрээр 2008, 2010, 2011 онд Английн Кембрижийн их сургуулийн “Дотоод Ази ба Монгол судлал”-ын төвд зочин судлаач, 2012-2013, 2014 онд Японы Осака хотын Үндэсний Угсаатны музей, Тохоку их сургуулийн Зүүн хойд Азийн судлалын төвд, 2015 онд Унгарын ШУА-ийн Угсаатны судлалын хүрээлэнд, 2017 онд БНХАУ-ын Ардын их сургуульд тус тус зочин профессороор уригдан ажиллаж байжээ.