Улсын Ерөнхий Прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: 2019 оны тавдугаар сараас 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрийг хүртэл улс төрд нөлөө бүхий этгээд яллагдагчаар татагдсан 111 хүнд холбогдох 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Үүнээс 36 яллагдагчид холбогдох 18 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэлээ. Мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг ес байна. Үүнээс хоёр нь шийдэгдэж бусад нь хянан шалгагдаж байна. Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд хадгалуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тул 244 тэрбум төгрөгийг тус банкны эрх бүхий этгээдээс гаргах нэхэмжлэлийн асуудал дээр ЭМДЕГ-ын хүсэлтээр ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэсэн Салхитын мөнгөний орд газар дахь хүдрийн баяжмал овоолгыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эрдэнэс Силвер Ресурс” төрийн өмчит хуулийн этгээдийн хүсэлтээр оролцож нийт 135 тэрбум төгрөгийн байгалийн баялгийг тус компанид олгуулахад төр нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр оролцлоо.
“Жаст групп” компанийн захирал Г.Батхүү нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Олон Овоот гоулд” компанийн нэр дээр байсан ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал газрын тосны газарт мэдэгдэл хүргүүлж шийдвэрлүүлсэн.