Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нь сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас тендер зарлалгүй, 123 айлын орон сууцыг шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас З.Баянсэлэнгэ болон тус яамны Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Бурмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өнгөрөгч гуравдугаар сарын 4-5-нд шүүн хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаах шатанд буцаах шийдвэрийг гаргасан аж.