Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Сугийн цогцос өнгөрсөн шөнө уулнаас олдсоныг тус улсын цагдаагийн газар мэдээлжээ. Пүрэв гарагт хотын захирагчийн охин аавыгаа сураггүй алга болсон талаар цагдаад мэдээлж байсан юм. Захирагчийн цогцос Сөүлийн хойд талын Бугак уулнаас олдсон байна.

Түүний гар утасны дохио хамгийн сүүлд бүртгэгдсэн газрын ойролцоо самнах ажиллагаа явуулах үеэр цогцос олджээ.

Хотын захирагч гэрээслэл маягийн бичиг үлдээгээд явснаас хойш 4-5 цагийн дараа Пүрэв гарагийн орой охин нь цагдаад мэдэгдсэн байна.

Самнах ажиллагаанд 150 цагдаа дайчлагдаж, дрон, нохой зэргийг ашиглажээ. Сөүл хотын захиргаа Пак захирагч Пүрэв гарагт тодорхойгүй шалтгааны улмаас ажилдаа ирээгүйг мэдээлсэн байна.

БНСУ-ын зарим хэвлэлүүдийн мэдээлснээр Сөүл хотын захирагч Пак Вон Сун нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн холбогдогчоор татагдаж цагдаагийн газар байцаалт өгсөн байна. Түүнийг цагдаад мэдэгдэж гомдол гаргасан хүн нь 2017 оноос хойш хамт ажиллаж байгаа Сөүл хотын тамгын газрын ажилтан эмэгтэй гэнэ. Тэрээр Пак захирагчийн эсрэг гаргасан цагдаагийн мэдүүлэгтээ Телеграм мессенжерээр харилцсан мэссэжээ баримт болгон хавсаргасан байжээ.

Харин цагдаагийн газар ямар агуулгатай гомдол хүлээж авснаа нууцалж байна. Иргэний байгууллагад олон жил ажилласан хүний эрхийн хуульч Пак Вон Су 2011 онд Сөүл хотын даргаар сонгогдож, өнгөрсөн оны зургаадугаар сард гурав дахь удаагаа улиран сонгогдсон нь Өмнөд Солонгосын түүхэнд анхны тохиолдол болж байв. Пак захирагчийн хувьд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт байгуулах өндөр магадлалтай хүнээр тодорсон байсан юм.

Эх сурвалж: Associated Press

 

 

 

Таны сурталчилгаа