Цаг үеийн мэдээ

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргээд байна.

Дэлхийд ганц Монгол наадмаа Та бид хорио цээрийн дэглэмийг мөрдөж тэмдэглэхээс өөр аргагүй боллоо. Гэхдээ халдварт вирусийн дэгдэлт зогсох өдөр ирнэ. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон МОНГОЛ НААДАМ зуун зууныг өртөөлөн үргэлжилсээр байх болно.

Эрхэм иргэд ээ,

Улсын Их Хурлын сонгууль 8 дахь удаагаа болж, Та бүхэн маань Үндсэн хуулиар олгосон засаглах эрхээ эдэлж, шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдлаа.

Ард олон Та бүхнийхээ итгэлийг өвөрлөсөн Их Хурал шударга ёсыг тогтоох, төрөө цэгцлэх, нийгмээ эрүүлжүүлэх, хуулийг дээдлэх өөрчлөлт шинэчлэлийг удирдан манлайлах итгэл дүүрэн байна.

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Зуун жилийн ойгоо зуун шинэчлэлийн зорилт хэрэгжүүлсэн амжилтаар угтахаар бид төлөвлөж байгаа. Эдгээр зорилтууд нь шударга ёс, хариуцлага сахилга ердийн хэм хэмжээ болсон, зөвхөн хууль засагладаг, эрүүл зөв тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Иргэд нь эх орныхоо, баялгийнхаа эзэн нь байж, эрх чөлөө, тэгш эрхтэй, амар амгалан, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад чиглэх болно.

Үр дүнд нь Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай. Энэ эрхэм зорилтыг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал ард түмэн Та нартайгаа хамтран хэрэгжүүлэх болно.

Бурууг засах, зөвийг зорих чин хүсэл монгол хүн бүрт бий. Үүний төлөө хүчээ нэгтгэх эрмэлзлээр ч дүүрэн байгаа. Энэ шинэ эрчим, эрчит давалгааг бид мэдэрч байна. Тиймээс Та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулах нь нэр төрийн хэрэг, хүндэт үүрэг билээ.

Сайн цаг, сайхан ирээдүй холгүй, ойрхон бий. Түүнд хүрэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баярын энэ өдөр нийт монголчууддаа хандан уриалъя.

Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд Та нар минь элгээрээ энх амгалан байж, дэлгэр сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Таны сурталчилгаа