“Нийслэлийн орон сууцны корпораци” нь Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, ОУ-ын санхүүгийн корпораци, Уур амьсгалын ногоон сан, Өндөр технологийн сан гэх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж орон сууцны бүтээн байгуулалтад нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгон ажиллаж байна. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.Төслийн хүрээнд гэр хорооллын бүсийн 100 га талбайд 10,000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.
Төслийн хүрээнд гэр хорооллын хашаа байшин, газрыг орон сууцаар солих зарчмаар “Орлогод нийцсэн орон сууц”- ны хотхон, хорооллуудыг бий болгох юм. Хэрэв иргэд сайн дурын газар чөлөөлтөнд хамрагдах хүсэлгүй, орон сууцанд орохгүй хашаандаа амьдрах хүсэлтэй байгаа бол иргэдийн хашаа болон байшинг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан инженерийн дэд бүтцийн асуудал болон байшинг хотын дүр төрхөд нийцүүлэн барихад дэмжлэг үзүүлэх ажлыг “Хас банк”- тай хамтран судалж, улмаар хашаандаа амьдрах хүсэлтэй иргэдийг хамруулах боломжтой юм.
Харилцан ойлголцлын санамж бичигт “НОСК” ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм, “Хас банк”-ний гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд гэр хороолол болон дэд төвүүдэд амьдарч буй өрхийн хүлэмжийн хийг бууруулах зорилгоор олгогдох бизнесийн зээл, агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн зээл, хөтөлбөрт хамруулах ажлыг хамтран зохион байгуулах зэрэг ажлууд багтсан байна.
Уг төслөөр агаар, хөрсний бохирдлыг багасгах, сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх, орлого багатай иргэдэд зориулагдсан түрээсийн байр бий болгох зорилготой ажиллаж байна гэж “НОСК” ХК-ийн удирдлагууд онцлов.