Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайд Р.В.Старовойтын урилгаар Москва хотноо ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Оросын төмөр замууд" нийгэмлэгийн Ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзаж,  төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагаа, Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хөгжил шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.

"Оросын төмөр замууд" нийгэмлэгийн Ерөнхий захирал О.В.Белозёров  "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааг сайшааж, жил бүр тээвэрлэсэн ачааны хэмжээгээр шинэ түүхэн дээд амжилт тогтоож байгааг онцлон тэмдэглэлээ.

Сайд Б.Дэлгэрсайхан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлтийг хийх, улмаар замын их засвар, хоёр дахь замын оруулга, цахилгаанжуулалтын асуудалд хоёр тал онцгой анхааран ажиллах шаардлагатай байгааг дурдав.

Энэ онд түүхт 75 жилийнхээ ойг тэмдэглэж буй тус нийгэмлэгийн хөгжил шинэчлэлийг Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлснээр 2030 онд 50 сая тонн, 2050 онд 90 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа  бөгөөд энэхүү хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд хоёр тал идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Таны сурталчилгаа