Цаг үеийн мэдээ

Ирэх аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэлийнхэн хэрхэн ажиллах талаар мэдээлэл солилцох зорилгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо,  Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарсан уулзалт боллоо. 

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа нараас гадна хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Аймаг, нийслэл, сум. дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг шинэчлэн баталсан бол Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ: Mанай байгууллагын хувьд УИХ-ын сонгуультай холбоотой гарсан зөрчил, мэдээллийг нэгтгэж өнгөрсөн долоо хоногт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хүргүүлж, анхны уулзалтаа хийсэн. Хоёр дахь уулзалт нь өнөөдрийнх болж байна. Бүх байгууллага хамтарч ажиллаж байна. Голлож ажиллах зарчим маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зайлшгүй дагаж мөрдөх ёстой хууль, тогтоомжийг урьдчилж сануулах, тэр хүрээндээ хэлэлцүүлгийг зохион байгуулах шаардлагатай. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан цахим орчинтой холбоотой журам бий. Энэ журамд шат дараалсан хэлэлцүүлгийг зохион байгуулна. Манайхаас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана, бооно гэсэн ойлголт байхгүй. Эхний ээлжид сануулах арга хэмжээг сонгуулийн үеэр авна. 

 

ШӨХТГ, ХХЗГ зэрэг байгууллагууд сонгуулийн сурталчилгааны хоногуудад Радио, телевизүүдэд хуулиар тогтоосон хугацаанд хяналт тавьж ажиллана. Тухайлбал радио, телевизийнхэн хоногт 60 минутын сурталчилгаа дамжуулах хуулийн хугацаатай. Энэ дотроо нэг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд 15 минут ногдох бол мэдээ, мэдээлэл таван минутаас хэтрэхгүй байна. Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд дээрх зохицуулалтыг хэвлэл мэдээллийн салбарынхан маш сайн мөрдөж ажилсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэлээ. Сонгуулийн 21 хоногийн хугацаанд хоёр зөрчил гарсан. Үүнийг харьяалалын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгаж үзээд зөрчлийн шинж агуулаагүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хэвлэл мэдээллийнхэн сонгуулийн сурталчилгаагаа зөрчилгүй хэрэгжүүлсэн нь сонгууль эхлэхээс өмнө заавар, зөвлөмж маш сайн өгсний үр дүн юм. Тиймээс сурталчилгааны хоногуудад хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллах, холбогдох журмын өөрчлөлтийн талаарх мэдээллийг Орон нутгийн сонгууль болохоос өмнө хэвлэл мэдээллийнхэнд олгох үүднээс холбогдох газруудаас нь ирэх долоо хоногоос эхэлж хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулахаар тогтлоо. 

 

Таны сурталчилгаа