Цаг үеийн мэдээ

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, орон тооны гишүүн Н.Бямбадорж, С.Цогтгэрэл нарын хүмүүс “МИАТ” ТӨХК-д ажиллалаа. Иргэдээс “МИАТ” компанийн чартер нислэгийн  билет  өндөр үнэтэй байна, коронавирус далимдуулж үнэ нэмж байна гэх гомдол их ирэх болсон учраас газар дээр нь ажиллаж, холбогдох асуудлаар УОК-ын дарга, МУ-ын шадар сайд Я.Содбаатарт холбогдох саналаа хүргүүлэхээр боллоо. 

”МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийн мэдээлж байгаагаар тус компани 2020 оны эхний хагас жилд 2,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байсан ч хасах 16,4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор  754 сая төгрөгийн  нэмэлт  зардал гарсан байна. Хэдийгээр компанийн эдийн засаг хүнд байгаа ч зорчигчийн  тийзийн үнийг нэмэгдүүлээгүй гэдгийг хэллээ.

“МИАТ” ТӨХК-ийн тухайд өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай аж ахуй нэгжид хамаардаг. Тийм учраас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хэт өндөр тогтоож болохгүй гэх хуулийн зохицуулалттай. Тийм учраас уулзалтад оролцсон ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: "Үндэсний агаарын тээвэлэгч гэдэг  утгаар төрөөс “МИАТ” компанийг тусгай үүргийн нислэг хийлгэж байгаа. Гэвч үнийн бодлого иргэдэд дарамт болж байна. Гэр бүлээрээ эх орондоо буцаж ирэхийн тулд нэг талдаа 10-20 сая төгрөг  зарцуулах шаардлага хүртэл үүсч байна. Тиймээс чартер буюу тусгай үүргийн нислэгт алдагдал байгаа бол иргэн биш төр даах,  нэг талдаа зорчиж байгаа иргэнд 2 талын тийзийн үнийг шахахгүй байх, энгийн зэрэглэлийн суудлыг үнийн түвшингөөр ялгаварлахгүй байх шаардлагатай байна. "Аsiana airlines" "Хүннү airline"-аас УОК-т   авиа компаниудыг зэрэгцээ түвшинд аваачих санал ирүүлсэн учраас чартер нислэгт хамруулах асуудлаар Засгийн газарт санал оруулна. Тиймээс та бүхэн цаашдаа  тийзийн үнийг бууруулах боломж байгаа эсэх, яг аль чиглэлд боломжтой эсэхийг эргэн судалж, хариу мэдэгдэхийг хүсч байна" гэлээ.

 

Таны сурталчилгаа