Цаг үеийн мэдээ

 

Сэлэнгэ аймагт Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн 960 хүүхдийн суудал бүхий хичээлийн шинэ байрны шав тавих ёслол ням гарагт боллоо.

“Монголын алт (МАК)”-ийг үүсгэн байгуулагчид уг сургуулийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ирэх онд улсад хүлээлгэн өгөхөөр шийджээ.

Шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, “Монголын алт (МАК)”-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа болон тус сургуулийн хамт олон, үе үеийн хүндэт төгсөгч, гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагч компаний бүтээн байгуулагчид оролцов. 

Салбарын сайдыг Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Манай сургууль 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтаар 7 хичээлээр улсын дундажаас дээгүүр үнэлэгдэж, Сэлэнгэ аймгийн 34 сургуулиас 10 дугаар байрт жагссан. Бид хичээлийн шинэ байртай болсноор багш, сурагчдын ажиллаж, суралцах орчин улам сайжирч, амжилтаа ахиулах боломж бүрдэнэ” гэжээ. Мөн тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ор бүхий хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын ажил энэ онд эхэлсэн бөгөөд барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж 2021 онд ашиглалтад орохоор болсон байна.

Эх сурвалж: БШУЯ

Таны сурталчилгаа