Өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барьлаа.
МУ-ын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж тогтворжсон хэдий ч, коронавируст цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, иргэдийн амьжиргаанд сөрөг үр дагавар нь мэдрэгдсэн.
Энэ үед Монголбанк эдийн засгийн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэхээр мөнгөний бодлого, макро зохистой бодлого, микро зохистой бодлогын багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргад танилцууллаа.
Цаашид Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэрэгслээ ашиглаж, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорин холбогдох эрх бүхий байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа гэв.
Цаашид коронавируст цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглүүлнэ гэдгийг төслийг өргөн барих үеэрээ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.