Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа ирэх аравдугаар сард эхэлнэ.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран энэ үед судалгаа явуулах ба түүгээр төрийн албан хэргийг монгол бичгээр шууд хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох юм.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам “Монгол хэлний тухай хуулийн 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй. Иймээс Үндэсний статистикийн хороотой хамтран эхний ээлжинд Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг шалгах судалгаа хийнэ. Орон нутгийн сонгууль дууссаны дараа явуулна. Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, шууд хөтлөх боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм” хэмээлээ.