Төв аймгийн нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон цасны улмаас баруун болон хойд чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсч иргэд хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаагүй хол замд зорчсоноос болж засмал замын хажуу руу гулсаж орох, зуны дугуйтай зорчсоны улмаас халтирч гулган хоорондоо мөргөлдөх зэрэг дуудлага мэдээллүүд Онцгой байдлын газар болон Цагдаагийн байгууллагад иргэдээс ирсээр байгаа аж.
Есдүгээр сарын 30-ны өдрөөс энэ сарын 3-ны өдрүүдэд тус аймгийн баруун сумд болох Лүн, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн чиглэлийн автозам, хойд сумд болох Баянчандмань, Жаргалант, Борнуур, чиглэлийн замд зорчих нөхцөл халтиргаа гулгаа ихтэй байгаа тул иргэд та бүхэн хол замд зорчихдоо машин техникийн дугуйг өвлийн дугуйгаар солих, хувийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж (хүрз, дугуйны бэхэлгээ, татлага, дулаан хувцас бэлтгэх зэргээр) хол замд зорчихыг аймгийн Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Том оврын автомашин цас, шаварт суусан тохиолдолд сум, орон нутагт түүнийг чирч гаргах боломж, нөхцөл бага учир цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн үед хол замд зорчихгүй байхыг анхаарууллаа.