Цаг үеийн мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө.

Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс нь “гуравдагч хөрш”, стратегийн түнш АНУ-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш байлгах сонирхолтой байдгийг илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар түлхүү хөгжүүлэх нөөц, боломжуудын талаар санал солилцсон байна.

Ярианы төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, ноён Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нарыг түргэн эдгэхийг хүсэж байгааг монголын ард түмний өмнөөс уламжилж өгөхийг хүслээ.

Таны сурталчилгаа