Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан тус салбарт хөдөлмөр бүтээлээ мөнхөлсөн үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, инженер, техникийн ажилтнууд, нийт ажилтан, ажиллагсад Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1931 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн “Улаанбаатар хотын дотор орон сууцны тухайд аж ахуйг үүсгэн байгуулах явдалд хэрэглэх аргуудын тухай” гэсэн нэгдүгээр тогтоол гарч, орон сууцны фондыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлсэн нь нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэн байгуулагдах үндэс суурь болсон гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар тус салбарт тусгай зөвшөөрөл бүхий 204 байгууллага, сууц өмчлөгчдийн 1200 орчим холбоо үйл ажиллагаа явуулж, 17,3 сая ам метр орон сууцны фонд, 3.3 мянган км цэвэр усны, 1.6 мянган км ариутгах татуургын шугам сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцан, 610 мянга орчим хэрэглэгчдэд төрийн суурь үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажлыг хариуцан, ард иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын яам өнгөрсөн жилүүдэд орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар олон арга хэмжээг авч, ажиллан тодорхой үр дүнд хүрсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого” зэрэг бодлогын баримт бичигт орон сууц, нийтийн аж ахуйн салбарт томоохон бодлогын шинэчлэлтийг хийх, ялангуяа сумандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Сумын хөгжил” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Улс орны хөгжилд салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж байгаа хувь нэмэр өсч байгаад манай салбарынхан урамшиж, төр засгаас гаргасан хууль тогтоомж, зорилт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүн амын ажиллаж, амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө оруулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР