СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээлэл технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан нар Үндэсний дата төвийн болон үүрэн холбооны оператор компаниудын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн Ням гаригт хийгдсэн сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажлын талаар товч танилцуулж, ирэх Пүрэв гаригт болох сонгуулийн санал хураалтын үеэр хамтран ажиллахад анхаарах зүйлсийн талаар санал солилцов.
Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд сонгогчийн саналыг авахаар 2148 санал авах байр байгуулагдан ажиллахад бэлэн болоод байна. Санал авах байрнаас сонгуулийн дүнгийн өгөгдлийг дамжуулахад ашиглах үүрэн холбооны оператор компаниудын модемийн дата дамжуулах ажлын бэлэн байдал, хурдын тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.
Сонгуулийн санал авах өдрийн үйл ажиллагааны найдвартай, шуурхай байдлыг сайжруулахын тулд байгууллага хооронд шууд харилцах албан тушаалтнуудын мэдээллийг албан ёсоор солилцохоор боллоо.