Дэлхийн зургаан улсын 200 гаруй эрдэмтэд судалгаандаа вирусийн хэсгүүд ба халдвар тараадаг эсүүдийн генетик, биохими болон бусад өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааныхаа явцад эрдэмтэд гурван коронавируст бүгдэд нь нийтлэг тохиолддог эсүүдийн гол процессуудыг тодруулж тогтоожээ.
Судлаачдын анхаарлыг хүний “Tom70” уураг ихээхэн татсан байна. Энэхүү уураг нь ихэвчлэн дархлааны системийг идэвхжүүлэх үйл явцад оролцож, вирус биед нэвтэрэхэд дохио өгдөг аж. Эрдэмтдийн явуулсан судалгаагаар вирусийн “Orf9b” уураг нь “Tom70”-тай холбогдож, түүний үйл ажиллагааг дарангуйлдаг болох нь тогтоогджээ. “Orf9b” уураг нь хоёр коронавируст байдаг бөгөөд энэ нь “COVID-19”-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” болон Амьсгалын цочмог халтай хам шинжийг үүсгэгч “SARS-CoV-1” вирус юм.
Эрдэмтдийн хийсэн судалгааны өөр нэг хэсэг нь коронавирусийг үржихэд чухал үүрэг гүйцэтгэдэг уургийг хайх юм. Эдгээр уургаас 73-ийг нь олсон бөгөөд зарим нь урьд өмнө нь ийм төрлийн судалгаа хийхэд тохиолдож байжээ. Судлаачид олж авсан мэдээллүүддээ үндэслэн коронавирусний халдвартай 740 мянга гаруй америк өвчтөний өвчний түүхэнд ретроспектив судалгаа хийсэн байна.
Судлаачид илэрсэн уургууд дээр үйлчилсэн эмүүд нь коронавирусний халдварын явцад хэр зэрэг нөлөөлж байсныг ажиглажээ. Ажиглалтын явцад стероид бус үрэвслийн эсрэг эм болох индометацин хэрэглэсэн өвчтөнүүдийн дунд “COVID-19”-ийн хүнд хэлбэр уг эмтэй ижил төстэй эм болох целекоксибийг хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага тохиолдож байжээ.