Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогчдод гүн хүндэтгэл илэрхийлж, ойн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.
Өдгөөгөөс 29 жилийн тэртээ Монголын төрт ёсны түүхэнд тодоор тэмдэглэгдэх нэгэн чухал үйл хэргийг монголчууд бүтээсэн билээ. Энэ бол монгол түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа батлан баринтагласан үйл явдал байсныг мэндчилгээнд дурджээ.
Шинэ Үндсэн хуулиар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэсэн, ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх ШИНЭ СОНГОЛТ хийснээ даяар олонд зарлан тунхагласан.
Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ “Энэ сонголтыг Монголын ард түмэн өөрсдөө хийсэн юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг улс орон даяар хэлэлцэж, 700 гаруй байгууллага, хамт олон, 900 гаруй мянган хүн оролцож, саналаа илэрхийлсэн байдаг. Чухам тийм ч учраас Үндсэн хуулиа бид нийт монголчуудын оюун санааны хамтын бүтээл гэж үздэг.
Гэхдээ улсаа мандуулах, түмнээ түших, саруул ирээдүйн гэгээн замыг засан тэгшлэх гэсэн чин сэтгэл, бат эрмэлзлийг өвөрлөж, эрдэм ухаан, мэдлэг туршлагаа шингээн байж, шинэ Үндсэн хуулийг баталсан Үндсэн хууль тогтоогчдын гавьяа марташгүй үнэ цэнэтэй билээ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр улс, түмнээ гэсэн хоёргүй сэтгэлээр асуудалд хандаж, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, үндэсний эвлэрэл зөвшилцлийг эрхэм болгож, хуйвалдаан талцлаас ангид тусдаа, салбарын болон нам, улс төрийн эрх ашгаас хол зайдуу байж, үнэнч шударгыг эрхэм болгон зүтгэсэн хүмүүс бол Үндсэн хууль тогтоогч Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд гэдгийг онцлоод “Та бүхэндээ, Та бүхнээр уламжлан гэр бүл, үр хүүхдэд чинь Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.
Ирэх жил Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэнэ. Өнгөрсөн гурван арваны ололт, хүрсэн үр дүн чамлахааргүй бөгөөд ололтоо бататгах, сургамжаа цэгнэх, зорих ирээдүйн зүг чигээ тодруулан цэгцлэх эрхэм зорилго, нийт нийгмийн дийлэнх олонхийн хүсэл эрмэлзлийг эш болгон Улсын Их Хурал 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Ингэхдээ Үндсэн хууль тогтоогчдын бүтээсэн Үндсэн хуулийн суурь агуулга, үзэл баримтлалыг ягштал баримталж, огтхон ч гажуудуулаагүй гэдгээ Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ онцолсон байна.
Үндсэн хуулиа, Үндсэн хуульт ёсыг судлан таних, ёсчлон хэрэгжүүлэх, дархлааг сахиж гэмээнэ иргэн нь Үндсэн хуулиараа хамгаалуулж, эрх зүйт нийгэм, төрийн тогтолцоо, ардчилал, шударга ёс баталгаажих үндэс бүрдэнэ. Энэ эрхэм үйл хэрэгт Үндсэн хууль тогтоогчдын манлайлал, үүрэг оролцоо чухал хөшүүрэг болно гэдгийг тэмдэглэжээ.
Эх сурвалж : Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс