Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар : "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсч, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсч байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна. Хариуцсан салбар даалгасан ажлыг чин сэтгэлээсээ Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж гүйцэтгэлээ. Ковид 19 цар тахлыг дотооддоо алдаагүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний 5 сар нь Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч ковид 19-ийн эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл, нөхдийн ажил зүтгэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгээ цохон тэмдэглье. Бид дэлхийд коронавирус цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй 5 орны нэгээр нэрлэгдэж байгаа. Коронавирусээр нэг ч хүн нас бараагүй. Цар тахал нийтийн өвчлөл болоогүй гэдгийг онцолж хэлье. Тун удахгүй олон улсад зөвшөөрөгдсөн вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ вакцинжуулна. Бүх нийтийн дархлаажуулалтын ажлыг эхлэх болсон гэдгийг ч дуулгая. Нэг ёсны бид Ковид 19-тэй тэмцэх тэмцэлд очих цэгээ харж байсан юм. Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаа хүчнийхэн, нийслэл аймгийн онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд МУ-ын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласан явдалд талархлаа илэрхийлж байна. Ингээд УОК-ын даргын хувьд, МУ-ын Шадар сайдынхаа албанаас огцрох өргөдлөө МУ-ын Ерөнхий сайдад хуулийн дагуу өнөөдөр хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин хэлэхэд нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна" гэлээ.