Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч чуулганы танхимд үг хэллээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга "Надад нэг дутагдал байна. Гоё сайхан ярьж чадахгүй. Монголын ард түмний итгэлийг хүлээж 31 дэх Ерөнхий сайд тааж тааварлах боломжгүй шалтгаанаар огцрохоор боллоо. Яагаад Ерөнхийлөгчийг гүтгэх үг үйлдэл хийв гэдэгт гайхаж байна. Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтарч ажиллаж байсан Ерөнхийлөгчийнхөө эсрэг ийм гүтгэлэг явуулж байгаад гайхаж байна. Нэг ойлгомжтой зүйл нь Сү.Батболдын удирдсан баг төрийн эргэлт хийж байна. Жагсаал цуглааныг мөнгөөр ивээн тэтгэж, санхүүжүүлсэн асуудлыг өөрийн удирддаг ТЕГ-аас тодруулах нь зүйтэй" гэлээ. 

Тэрбээр үгийнхээ төгсгөлд Ерөнхий сайдыг энэ цаг үед чөлөөлөгдөхийг дэмжихгүй байгаагаа хэлсэн юм. 

Ерөнхий сайд өнөөдөр 16:00 цагт мэдэгдэл хийсэн. Энэ үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Ингэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч, аюулгүй байдлыг хангаж, хамгаалж байх Үндсэн хуулийн үүрэгтэй. Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгч энэ ажлаа хийж чадахгүй зөвхөн өөрийн сонгуулийн үйл ажиллагаанд чиглэсэн акциудыг удаа дараа хийж, төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улс төрийн оноо авах, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллийг өөрийн харьяа хэвлэл мэдээллийн байгууллагаар цацаж, янз бүрийн ажил хийж байна. 

Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна. Цаашдаа Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл дахин битгий гаргаасай гэж хэлэхийг хүсэж байна" гэлээ.

Таны сурталчилгаа