Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан бодлого шийдвэр, дүрэм журмыг шат шатанд өөрөөр хэрэгжүүлж, албан байгууллага, иргэдэд чирэгдэл учруулсан үйлдэл гарч буй тухай шүүмжлэн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрээр: "Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан бодлого шийдвэр, дүрэм журам тодорхой байхад шат шатанд өөрөөр хэрэгжүүлдэг байж таарахгүй.
Худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг хүүхдэд үйлчлэхгүй, багачуудад насны хязгаар заана гэсэн шийдвэр огт гараагүй гэдгийг онцлон хэлье.
Төрийн бодлого шийдвэрийг дунд, доод шатныхан хэрэгжүүлж, шаардлага тавихдаа, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж болохгүй. Өөрсдөө дүрэм журамтайгаа сайтар танилцаж, нэгдсэн ойлголттой болсны үндсэн дээр хаана ч ялгаагүй нэг л шаардлагаа тавих ёстой.
Орон нутагт байна уу, нийслэл хотод ч байна уу, төрийн шийдвэрийг дур зоргоороо өөрчилж, зохиож болохгүй" гэжээ.