Цаг үеийн мэдээ

Гуравдугаар сарын 1-ний өдөр улс төрийн ууган хүчин болох МАН-ын 100 жилийн ой тохиосон. Энэ үеэр МАН болон МАХН-ын удирдлагууд цэцэг өргөх ёслолд хамт оролцож эзэн Чингис хаан болон Сүхбаатар жанжины хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү үйл явдал нь 2 нам нэгдэх нь гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлсэн. 

Бид МАН, МАХН нэгдэх асуудал яригдсан эсэхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. Тэрбээр "МАН болоод МАХН бол нэг угшилтай намууд. Монгол ардын намын дүрэмд хүртэл зааж, хуульчилсан байдаг. МАН нь МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл юм гэж. 2011 онд тодорхой улс төрийн шалтгааны улмаас МАХН гэх нэршилтэй болсон.

Цаашид нэгдэж улс төрийн үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулах зорилгыг аль аль талдаа тавьсан байна. 2016 оны сонгуулийн үйл ажиллагаанд хоёр нам хамтран эвсэл болж сонгуульд оролцох асуудал яригдаж байсан. Тухайн үеийн зорилго зөвхөн сонгуультай холбоотой байсан тул нэгдэж чадаагүй. Энэ жил намын 100 жилийн ой тохиосон. Зуун жилийн ойг тохиолдуулан намын гишүүд хамтран нэгдэх асуудал дээр санал нэгтгэж ажиллаж байгаа. Зарим хүмүүсийн хувьд хоёр нам нэгдэж буйг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож үзэхийг үгүйсгэхгүй. Сонгуулийн төлөө нэгдэж байна гэж ойлгож болохгүй.

МАН болон МАХН нэг үзэл санаатай. Өмнө нь хоёр намын хооронд гарч байсан зөрчлүүд арилж байгаа. МАН-ын дарга, Ерөнхий сайдын үзэл бодол, тавьсан зорилго нь МАХН-ын зорилго, зорилттой зарим талаараа ижил учраас нэгдэж хамтарч байгаа гэсэн үг. Нэгдэх процесс амжилттай явагдвал МАН, МАХН нэгдэж МАН гэсэн нэршилээр явна. Одоогоор ярианы түвшинд л явж байгаа. Бүх гишүүд дэмжиж, үзэл санаагаа нэгтгэсэн тохиолдол хоёр нам нэгдэх эхлэл тавигдана" гэлээ.

Таны сурталчилгаа