Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өчигдөр орой мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлдээ: "С.Эрдэнэ МАН-ын захиалгаар АН-ын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулан үймүүлж байна" гэсэн ба энэхүү мэдэгдлийн дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудаснаа: "Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал гэгч намын даргын сонгуулийн асуудалдаа МАН-ыг оролцож байгаа мэтээр гүтгэж, улс төрийн ёс зүйгүй мэдэгдэл хийж буйд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд харамсаж байна.
Төр түшилцэж буй улс төрийн нам атал асуудлаа дотооддоо шийдэж чадахгүй, бусад нам хүчнийг буруутай мэтээр ташаа мэдээлэл хийж байгаа нь зохисгүй хэрэг юм. Улс төрийн нам аливаа асуудлаа хууль тогтоомжийн хүрээнд намын дүрмийн дагуу бие даан шийдэх учиртай.
МАН-ын зүгээс аливаа намын дотоод асуудалд хутгалдах, хагарал тэмцэлд өдөөх ямар нэг алхам хийж байгаагүй, цаашид ч хийхгүй, төрийн соёл, ёс зүйн дагуу бусад намтай харилцаж, улс орны хөгжлийн төлөө хамтран зүтгэх болно" хэмээн бичжээ.