НИТХ-ын Төлөөлөгч, ХҮН-ын Бодлого судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр өөрийн цахим хуудаснаа коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар үзэл бодлоо нийтэлжээ.
Тэрээр: "ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийг сонслоо. Мэдээлэл хийсэн гурван түшмэл эмнэлэг хүлээн авах хүнээ дийлэхээ байлаа гэдгийг яриан завсраа хавчуулав. Албан тушаалаа ч хэлэхгүй юм. ХӨСҮТ-ийн албаны дарга л гэх юм. Чухам ямар албаны дарга юм бүү мэд. Нэг нь уран уншлагын аварга байсан юм уу, хаашаа юм, уянгалсан дуугаар аймаар мэдээг бидэнд хүргэнэ. "Би салбараа төлөөлөн нийт иргэддээ" ч гэх шиг. Амбасэлмаа, Нарангэрэл гээд ажлаа мэддэг хүмүүсийн оронд ирсэн улс бололтой. Хэд хэдэн зүйлийг ойлголоо.
- Улаанбаатар хот тэр чигтээ халдварын голомт болжээ.
- 84 мянган хүнийг л вакцинжуулсан ч энэ чамлалттай тоо. Вакцины үр дүн сард 2 тун хийлгэсний дараа 14 хоног болж дархлаа тогтоно гэхээр бараг 45 хоногийн дараа гэсэн үг. Эхний тунгаа хийлгэсэн хүн коронадсан тохиолдолд илүү хөнгөн, эсвэл хүнд тусах уу? Мэдэх юм алга.
- Өмнөх өдрөөс 169 хүнээр нэмэгджээ. 3 оронтой тоо руу шилжээд хэд хоночихлоо. Энэ бол аюулын харанга.
- Засгийн газрын 2020 оны 1 сараас хэрэгжүүлсэн бодлого эцэстээ байгаа оносонгүй. Уяачаар хэлбэл мориныхоо явдлыг огт тааруулсангүй. Давхиулах ёстой газарт нь хорьж шогшуулаад, зогсоох ёстой газар нь ам мэдэн давхиулсны дүн одоо гарч байх шиг.
Дараах алхмуудыг хиймээр байна.
- Байдал нэгэнт ийм болсон бол шийдвэртэй арга хэмжээ авч, өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, зөвхөн хүнд өвчтөнг эмнэлэгт хүлээн авах. Эс тэгвэл эмнэлгийн орны тоо хүрэлцэхгүй болчихжээ.
- Вакцинжуулалтыг УБ-т одоо байгаагаас илүү өргөн далайцтай хийе. Хувийн эмнэлгүүдийг ч, анагаахаар сурч буй оюутнуудыг ч, сайн дурынхныг ч дайчилъя.
- Пи Си Ар шинжилгээ гэх мэтээр бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарал хандуулж, УБ хотыг Даваа гарагаас хааж халдварыг хөдөө орон нутагт алдахаас сэргийлье.
- Караокэ, баар гэх мэт үйлчилгээний газрыг түр хаах нь зүйтэй.
- Миний бие танхимаар хичээллүүлэхийг дэмжиж ирсэн. Гэхдээ энэ нь үйлчилгээний байгууллагууд, сургалтын төвийг нээсэн атлаа танхимын хичээлийг нээлгээгүйг эсэргүүцэж, хүүхдийн хичээлийн хоцрогдлыг шийдвэрлэх ёстой гэсэн байр сууринаас ингэж ярьж хэлж ирсэн. Гэвч нөхцөл байдал нэгэнт хүндэрсэн тул танхимын хичээлийг вакцины эхний үр дүн гартал хичээллүүлэхгүй байх нь зүйтэй боллоо. Харин хугацаа хоногоо УОК эртнээс хүн амдаа мэдэгдэх хэрэгтэй.
Үхлийн хувь хэмжээ бага, энэ бол зүгээр л ханиад, коронатай зэрэгцэх гэх мэт үзэл бодолтой хүмүүс үүнийг дэмжихгүйг ойлгож байна. Гэхдээ манайх хүн ам цөөн, эмнэлэг хүрэлцээгүй, үйлчилгээ муу орон. Хүн амын халдвар 10 мянга гараад ирэхэд байдал тун эвгүй болохыг бүгд гадарлах байх. Өвчнийг хазаарлах бодлогыг барих нь зүйтэй харагдаад байна даа" гэжээ.
Зочин
2021-03-14
Маш зөв зүйтэй санал байна.дэмжиж байна.