Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээг эрүүдэн шүүсэн хүний эрхийн зөрчлийн талаар нийтийн сонсгол хийх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ.

Г.Амартүвшин : "Монгол улс 2002 онд НҮБ-ын Эрүүдэн шүүх бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенцид нэгдсэн байдаг. Гэтэл бид өнөөдөр иргэн Т.Чимгээгийн эрүүдэн шүүсэн энэ хэргээр энэ конвенцийнхаа үүргийг ноцтой зөрчөөд байна. Яагаад одоо болтол бид энэ асуудлыг хөндөж яридаггүй юм бэ? Тэр бичлэгийг УИХ-д, УИХ-ын гишүүдэд танилцуулаад хэдэн жил өнгөрч байна. 6 удаа шүүхээр яваад одоо болтол иргэн Т.Чимгээгийн асуудлыг шийдэхгүй байна. Иргэн Т.Чимгээгийн хэрэг бол шударга бус шүүхийн мөсөн уулын оргил юм байна гэж бид дүгнээд байна. Тийм болохоор энэ асуудлыг бид олон нийтэд хэлэлцэж, энэ асуудлыг өдөр бүр ярих шаардлагатай гэж үзэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бид арай хөнгөмсөг хандаад байна. Цэцэг, шоколадны набор бариад бие биендээ баяр хүргэхээс илүүтэй Монгол улсын иргэн Т.Чимгээгийн эрхийг ноцтой зөрчөөд байхад яагаад бид одоо хүртэл энэ талаар ярихгүй байна, яагаад сонгууль болохоор л энэ талаар ярьдаг юм бэ? Энэ асуудлыг нэг мөсөн цэгцлээд, нэг мөсөн шийдэх хэрэгтэй. Иргэн Т.Чимгээг суллах хэрэгтэй. Асуудлыг дээд шүүхээр яаралтай хэлэлцэж, асуудлыг нэг талдаа гаргах шаардлагатай гэж үзэж байна. Тийм болохоор өнөөдөр Ц.Мөнхцэцэг гишүүний хамт нийтийн сонсгол хийх асуудлаа УИХ-ын даргад өргөн барина. Энэ хэвлэлийн бага хурлын дараа УИХ-ын гишүүдийн өрөөгөөр орж гарын үсгээ цуглуулна. Цаг алдахгүй маш хурдан энэ асуудлыг шийдүүлэхээр бид шаардлага тавина. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд энэ асуудлыг хөндөж ярьсан. Гэхдээ УИХ-ын гишүүд маань энэ талаар чимээгүй байх эрх байхгүй. Тийм учраас бид энэ талаар байнга ярих болно. Өнөөдөр иргэн Т.Чимгээ байж болно маргааш бидний ээж, найз, охин, дүү нар маань ирээдүйд ийм эрүүдэн шүүсэн хэрэгт орвол яах вэ? Тийм болохоор бид энэ асуудлыг хөндөж ярьж байна" гэлээ.

Таны сурталчилгаа