УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээг эрүүдэн шүүсэн хүний эрхийн зөрчлийн талаар нийтийн сонсгол хийх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ.
УИХ гишүүн Ц.Мөнхцэцэг: "Өнөөдөр Монгол улсад хүний эрх зөрчигдсөн ноцтой асуудал болж байна. Хүний эрхийн маш том зөрчил болсон Т.Чимгээгийн асуудлаар УИХ, болон УИХ-ын гишүүд та бүхэнд мэдээлж байна. МУҮХ-ийн 16/13 дахь хэсэгт хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт байгаа. Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээнүүдэд хэргийг шалгах, шүүх явцад тухайн хүнийг эрүүдэн шүүх, тулгах бүх үйл явцыг хориглосон байдаг.
Бид Т.Чимгээгийн хэргийн талаар бус шүүлтийн шатандаа эрүүдэн шүүж, хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас "Нийтийн ерөнхий сонсгол" хийх хүсэлтийг Г.Амартүвшин гишүүн бид хоёр өнөөдөр УИХ-ын даргад өргөн барина. Шаардлагатай гэж үзвэл Монгол улсын Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжой. Тухайлбал, эрүүдэн шүүсэн төрийн албан хаагчид оногдуулан хариуцлагыг чангатгах заалтыг өргөх болно. Өнөөдрийн харж байгаагаар эрүүдэн шүүлтийн үр дүнд авсан мэдүүлгийг шүүхийн яллах дүгнэлтэд болгож байгаа нь олон улсын хүний эрхийн хуульд байдаггүй зүйл " хэмээн хэллээ.