Цаг үеийн мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл, МАХН-ын Гүйцэтгэх товчооны хамтарсан ажлын багаас Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдал, ардчилал, улс төрийн өндөр ёс зүйг эрхэмлэн дээдлэх уриалгын төсөл боловсруулжээ.

Уг төсөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар энэ сарын 18-нд гарын үсэг зурлаа. Уг уриалга нь нийгэмд тулгамдаж байгаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох, ардчиллыг бэхжүүлэх, эрх зүйн хувьсгалыг эхлүүлж, сонгодог парламентыг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засагтай, иргэн бүр нь тэгш эрхтэй, дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишигт хүрсэн улс болгохын төлөө нэгдэх зорилготой юм.  Хүний эрх,  эрх чөлөө, шударга ёс, ардчилал, үндэсний аюулгүй байдлыг бататгах цогц бодлогыг хэрэгжүүлэх уриалгыг хоёр намын бүх шатны байгууллагуудаар хэлэлцүүлэх бөгөөд гишүүд дэмжсэн тохиолдолд МАН болон  МАХН нэгдэх юм.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан “МАН болон МАХН өмнө нь нэг нам байсан. Засгийн эрх барьж, улс орныг удирдан чиглүүлж ирсэн туршлагатай ч тодорхой үзэл санаа, байр суурь дээр зөрчилдөж, тусдаа ажиллаж эхэлснээс хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд оносон гэхээсээ алдсан зүйл их байсныг намын ахмад, залуу, дунд үеийнхэн шаардлага, хүсэлтдээ хөндсөн байсан. Тиймээс эдгээр олон гишүүдийнхээ санал бодол цаашлаад Монгол Улсынхаа том эрх ашигт нийцсэн улс төрийн үйл ажиллагааг хамтарч явуулах нь бидний үүрэг гэж ойлгож байна” хэмээв.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “10 жилийн хоёр хуваагдсан шалтгаан нь байгалийн баялагтай холбоотой. Өнөөгийн МАН-ыг удирдаж байгаа удирдлага Оюутолгой болон бусад төслийн гэрээг Монголын талд ашигтайгаар засах, сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа нь бидний 10 жилийн өмнөх салсан шалтгааныг үгүй болгосон. Мөн хууль шүүхийн байгууллагын бусармаг үйл ажиллагааг таслан зогсоох, байгалийн баялгийг  ард түмэнд тэгш хуваарилах зэрэг бидний 10 жилийн турш тэмцэж байгаа асуудлууд МАН-ын  өнөөгийн баримталж буй бодлоготой нийцэж байгаа нь нэгдэж, нийлэх гол шалтгаан боллоо” гэлээ.

 

 

 

Таны сурталчилгаа