Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзах үеэрээ "Улсын зардлаар гадаадад суралцсан залуучуудыг төрийн албанд ажиллуулах зохицуулалт хийх" тухай асуудлыг хөнджээ. 

Мөн төрийн албаны шинэчлэл болон хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Тодруулбал

төрийн албаны ангиллыг шинэчлэх,

ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах,

улсын хэмжээнд төрийн албаны бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх,

төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн ямар ангилалд хамруулах,

албан хаагчдын ажлын чадвар, ёс зүй, хандлага, хариуцлагын асуудлыг сайжруулах, ажлын үнэлгээг бодитой болгон, гүйцэтгэлд үндэслэсэн цалин хөлсний тогтолцоонд шилжих,

гадаадад ажиллаж байгаа болон улсын зардлаар гадаадад суралцсан залуусыг төрийн албанд ажиллуулдаг зохицуулалт хийх,

цахим технологийг төрийн албанд нэвтрүүлж, нэгдсэн мэдээллийн сан, системтэй болгох талаар онцлон ярилаа.

Төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын гүйцэтгэлийг цахимжуулах ажлуудыг зарим орон нутагт өөрсдийн санаачилгаар эхлүүлэн хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг дурдлаа.

Төрийн байгууллага албан тушаалтнууд хоорондоо гэрээ, санамж бичиг байгуулдаг явдлыг таслан зогсоох үүрэг өглөө.

Мөн төрийн албаны шалгалт бүрэн цахим хэлбэрт шилжсэн, төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн санг шинэчлэн өөрчилж байна. Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлд ирж буй өргөдөл гомдлын тоо нэмэгдэж, хууль журам дүрмийн биелэлт хаа хаанаа зарим талаар хэрэгжихгүй байгааг оролцогчид дурдав.

Ерөнхий сайдаас төрийн албаны бүтэц, чиг үүргийн хуваарилалт, давхардал, ангиллыг шинэчлэх зураглал гаргах, эрх зүйн шинэчлэлийн төсөл боловсруулах, төрийн албаны ёс зүйг сайжруулах, харилцан бэлэг солилцдог, төрийн байгууллага албан тушаалтнууд хоорондоо гэрээ, санамж бичиг байгуулдаг явдлыг таслан зогсоох, төрийн ажлын нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулах зэрэг чиглэлээр Төрийн албаны зөвлөлд үүрэг өглөө.

Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр, Л.Цэдэвсүрэн, Э.Болормаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж оролцсон бол Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Баатарсайхан, Д.Идэрчулуун нар оролцлоо гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Таны сурталчилгаа