Цаг үеийн мэдээ

 УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүүг хөнөөсөн хэргийн талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, "УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга агсан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэглэлтэйгээр “бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр гүнзгийрүүлэн шалгахаар болсон. Гэтэл хэргсийн “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн,  амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн мэдээ гарах боллоо. Энэ хэргийг ингэж учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэдхэн хоногийн өмнө Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг өгсөн залуу нас барсан тухай мэдээлэл гарсан. Үүнийг үгүйсгэсэн эсхүл нотолсон мэдээлэл одоогоор алга. Хээр хөдөө, ой шугуй, хүнгүй талд бус чанд харуул хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэргийг ийм учир битүүлгээр илрүүлэхгүй, хаагаад байх юм бол өнөөдөр Монгол улсад хууль хяналтын байгуулагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэхд эргэлзээ төрүүлж байгаа" хэмээв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Энэ хэрэгтэй холбоотой нотлох баримтыг шалгаж, баталгаажуулахгүйгээр хаана гэдэг нь тодорхой албан тушаалтнууд оролцсон байж магадгүй гэж үзэж байгаа. Бусдаар бол нотлох баримтууд байхад хэргийг хаах нь жирийн мөрдөн байцаагчийн хувьд байж болшгүй асуудал" гэлээ.

Дээрх гишүүд уг хэргийн талаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулга хүргүүлж, УИХ дахь АН-ын бүлэг дээр доторхой мэдээлэл хийж, хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө ажиллахаа мэдэгдсэн юм.

Таны сурталчилгаа