Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Р.Дагва Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш нэг удаа хуульд  өөрчлөлт оруулжээ. Нийслэлийн эрх зүйн байдал, нийслэл, дүүргийн ИТХ, хорооны ИНХ, Засаг даргын эрх хэмжээ, бүрэн эрхийг  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний тухай хууль болон 150 гаруй хуулиар зохицуулж байна. Нийслэлд үйлчлэх эдгээр хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил байдаг. Иймээс Нийслэлийн эрх зүйн байдлыг тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хэлж байв.

Уг хууль нь таван бүлэг 23 зүйлээс бүрдэж байсныг долоон бүлэг 46 зүйлээс бүрдэхээр шинэчлэн найруулжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан бол дөрөвдүгээр бүлэгт Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зарим бүрэн эрхээ хотын Ерөнхий менежерт шилжүүлэх боломжийг бий болгосон аж. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг бусад дагалдах хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Танилцуулгын дараагаар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ИНХ-ын төлөөлөгчид, судлаачид, аж ахуй нэгж болон иргэдээс санал авах нь зүйтэй. Иймээс санал авах ажлын хэсэг байгуулан ажиллана” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаан энэ сарын 25-нд болно.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ