Цаг үеийн мэдээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

2014 оноос мөрдөж эхэлсэн байгаа Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн зохицуулалтаар төрийн хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид хүргэж байна. Уг үйлчилгээг ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн “Улсын өмгөөлөгч” хүргэдэг байна. Уг төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, 2 суманд нийт 31 салбар, 72 албан хаагчта бөгөөд 2014-2020 онд 62502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 17506 эрүүгийн хэргийн 19042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ хүргэснийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөл санаачлагчийн илтгэлдээ онцлов.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөлд төрөөс хууль зүйн туслалцаа хүргэх хүрээг өргөжүүлэх, одоогийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг”, “Хүүхдийн эсрэг” гэмт хэргийн хохирогч, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, “Хүн худалдаалах” гэмт хэргийн төлбөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хохирогчид хүргэж аж. Түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн төлбөрийн чадваргүй хүн, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулсан бөгөөд төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

Таны сурталчилгаа