Цаг үеийн мэдээ

 Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 43 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.   

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар ажилласан байна.

    Байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв. Ажлын хэсгээс хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад хуулийг сахин биелүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хорооны гишүүнийг сонгон шалгаруулах механизмыг тодорхой болгох, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаар гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагааны санхүүгийн нөөц, эх үүсвэр ил, тод, нээлттэй байх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын талаар ажлын хэсгээс гаргасан саналын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан иргэн, албан тушаалтанд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуультай олон талаараа давхцал үүсгэж байгаа тул хуулийн төслийг дэмжихгүй байгаа бөгөөд хууль санаачлагчийг төслөө татан авах нь зүйтэй талаар санал хэлсэн байна.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаатар, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс тайлбар, мэдээлэл авав. Хүний эрхийг хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай гэдгийг илэрхийлсэн олон жишээ бий гэдгийг М.Оюунчимэг гишүүн хэлж байв. Төсөлд хэрэгжилтийг хангах механизмийг тусгаж чадсан эсэхийг лавласан. Олон улсын жишгээр хуулиуддаа хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг тусгадаг байна. Хүний эрхийн хороо нь Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаа гэв. Төслийг шууд хүний эрхийг хамгаалах гэж ойлгох нь өрөөсгөл, хүний эрхийг хамгааладаг хүмүүсийг хамгаалах эрх зүйн зохицуулалт гэдгийг онцлон анхаарахыг Ж.Сүхбаатар гишүүн хүслээ. Төр, иргэний нийгмийн түншлэлээр хүний эрхийг хамгаалагчдыг тусгайлан хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан. Хүний эрхийг хамгаалж яваад тодорхой эрсдэлд орсон иргэнийг хамгаалахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын 32 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлгийн гарчгийг “Хамгаалагчийн эрх,” гэсний дараа “санхүүжилт,” гэж нэмэхийг, зургаадугаар зүйлийн 6.1.9 дэх заалтын “үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх,” гэснийг, 6.1.10 дахь заалтын “төрийн үйл хэрэгт оролцох,”, “шүүмжлэх,”, “зөвлөмж хүргүүлэх,” гэснийг, 6.1.13 дахь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэснийг, мөн зүйлийн 6.1.4, 6.1.6, 6.1.14, 6.1.15, 6.1.16, 6.1.18 дахь заалтыг хасахыг чуулганы нэгдэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төсөлд “Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод нээлттэй байдал” гэсэн 7 дугаар зүйл, “Хүний эрх хамгаалагчийн хорооны нэгж” гэсэн 12 дугаар зүйл нэмэхийг мөн дэмжсэн.

    Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

2014 онд мөрдөгдөж эхэлсэн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн зохицуулалтаар төрийн хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн “Улсын өмгөөлөгч” нь төлбөрийн чадваргүй яллагдагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

    Хууль зүйн туслалцааны төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, 2 суманд нийт 31 салбар, 72 албан хаагчтайгаар улсын хэмжээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Тус төв нь 2014-2020 онуудад нийт 62502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 17506 эрүүгийн хэргийн 19042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ.

    2019-2020 онд зөвлөгөө авсан нийт иргэдийн 53.5 хувь нь эрүүгийн хэрэг, 39.1 хувь нь иргэний маргаан, 7.4 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтан, түүний шийдвэрийн талаар хандсан байна. Хууль зүйн зөвлөгөө авсан иргэдийн ихэнх нь үнэ төлбөргүй өмгөөлөл болон улсын өмгөөлөгчийн талаарх мэдээллээс гадна өмчлөх эрх, хүний эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч, ялангуяа насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хэрхэн хамгаалах, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эцэг тогтоолгох, гэр бүлийн хөрөнгийн маргааны асуудлаар хууль зүйн зөвлөгөө авсан байна.

    Хуулийн хэрэгжилттэй холбогдох судалгаа, олон улсын туршлагаас харвал төрөөс үзүүлэх хууль зүйн туслалцааг эрүүгийн хэргийн яллагдагчаас гадна иргэний болон захиргааны зарим төрлийн хэрэг, маргаанд оролцогч төлбөрийн чадваргүй хүн, зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээг өргөжүүлэх, хууль зүйн туслалцааны байгууллагын одоогийн тогтолцоог хэвээр үлдээх, одоогийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад үндэслэн зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.

    Тодруулбал, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг, 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг” гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн төлбөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хохирогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн төлбөрийн чадваргүй хүн, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

    Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, татгалзах шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тодорхой болгох, түүнтэй холбоотойгоор хууль зүйн туслалцаа авч байгаа иргэн болон хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хариуцлагын асуудлыг тусгасан гэлээ. Түүнчлэн улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, баталгаа түүнтэй холбоотой бусад харилцааг тодорхойлж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг бусад орлогын эх үүсвэрээс санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо, хувийн өмгөөлөгч оролцуулах журам, өмгөөллийн хөлсний санхүүжилтийн талаар тодорхой болгож тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн чадваргүйн улмаас хууль зүйн туслалцаа авч чадахгүй иргэдийн эрхийг хангах хууль зүйн туслалцааны тогтолцоо боловсронгуй болж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэрэг иргэний үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

    Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэхэд гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, улсын өмгөөлөгчдийн чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгах саналыг хэлж байв. “Улсын өмгөөлөгч” гэдэг нэр томьёог анхаарах саналыг Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нарын гишүүд хэлж, холбогдох тайлбар мэдээллийг өгсөн. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Г.Тэмүүлэн гишүүн илэрхийлээд, Эрүүгийн хуулийн 14.1 буюу ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийг хуулийн үйлчлэлд хамруулах саналыг хэлж байв. Т.Энхтүвшин гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Орон нутагт өмгөөлөгчөөр ажиллах хуульч ховор, дээр нь төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөлөл үзүүлэхдээ хойрго ханддаг гэдгийг онцлоод ёс зүйн алдаа гаргадаг, хариуцлагагүй өмгөөлөгчдөд арга хэмжээ авах шаардлага бий гэж хэлж байв. Түүнчлэн Хууль зүйн туслалцааны төв үйлчлүүлэгчдээс шаарддаг баримт бичгүүдээ өөрсдийн шугамаар бүрдүүлдэг байх нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлээд, холбогдох саналыг хэлж байв.

Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 65.2 хувь нь дэмжсэн. Иймд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа