УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын 20 гаруй гишүүнээс санаачлан боловсруулсан Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулахаар гишүүд төслийг боловсруулжээ.
УИХ-ын 2019 онд баталсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолд, Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай Оюутолгой ордыг ашиглах талаар байгуулсан хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, тус ордын дагалдах нөөцийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлж дүгнэлт гаргуулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэх зэрэг асуудлыг тусгасан юм.
Иймээс дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нэр бүхий гишүүд Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулжээ.
Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Харин тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Н.Алтанхуяг нар Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах саналаа илэрхийлж байсан юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүдээс гаргасан саналын дагуу Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нарыг нэмж оруулах саналыг дэмжсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Түр хорооны бүрэлдэхүүнд, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засгийн байнгын хороог ахалж буй Ж.Ганбаатар нарыг нэмэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах санал гаргав. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжтой гэдгийг онцлов.
Ингээд Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нарыг нэмэх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр, чуулганы хуралдаан түр завсарлав.
Чуулганы завсарлагын хугацаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах юм.