УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: "Өнгөрсөн хоёр 7 хоногийн хугацаанд Ардчилсан намын даргын дотоод сунгаа үргэлжилж өчигдөр дүнгээ гаргалаа. Дотоод сонгуулийн хорооноос албан ёсоор мэдэгдэж байгаагаар нийт ардчилсан намын гишүүдийн 49 хувь нь оролцож 70 мянга гаруй хүн саналаа өгснөөс надад онооны системээр 4200 оноо буюу нийт санал өгсөн гишүүдийн 55 орчим хувь нь саналаа өгчээ. Итгэж, найдлага хүлээлгэж ажил үүрэг даалгаж саналаа өгсөн Ардчилсан намынхаа эрхэм гишүүддээ баярлалаа гэдгээ хэлье. Энэ удаагийн сунгаанд шударгаар өрсөлдсөн эрхэм 3 найздаа улс төрийн ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Энэ удаагийн Ардчилсан намын даргын сунгаа их амаргүй нөхцөлд болж өнгөрлөө. Амаргүй гэдэг нь гадна талдаа ковид улс орон даяар тарсан зарим аймгуудад хөл хорио тогтоочихсон энэ нөхцөлд, мөн эрх баригчид санал тоолох үйл ажиллагааг хаах, хориглох ийм хуулийн зүйл заалтууд зэрэг олон зүйл байсан учраас манай дотоод сонгуулийн хороонд хүндрэл бэрхшээл их байлаа. Энэ удаагийн дотоод сонгуулийн ажилд дотоод өрсөлдөөн, 2 тамганы хэрүүл гэх мэт олон зүйл амаргүй хэцүү байлаа. Бид ард иргэдтэйгээ гишүүдтэйгээ цахимаар уулзаад холбогдоод мэдээлэл аваад явж байхад ер нь энэ нийгэмд Ардчилсан намын орон зай хаана байна вэ? гэдгийг иргэд гишүүд дэмжигчид асууж, шаардаж буйг мэдэрлээ. Миний хувьд 2 зүйл дээр цаашид анхааран ажиллах ёстой юм байна гэдэг дээр маш их итгэл найдвартай болсон.
1. Ардчидсан нам өөрийнхөө үзэл санаандаа бат нот зогсохыг нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал олон зүйл биднээс шаардаж байна.
2. Ардчилсан нам дотооддоо гишүүдээ уралцуулдаггүй, үзэл санаандаа бат зогсох, гишүүдээ оролцуулдаг ийм нам болж хувирах нөхцөл байдал бид бүхэнд байна. Эрхэм дэмжиж саналаа өгсөн Ардчилсан намын гишүүддээ, ардчилсан нам дотор болж буй үйл хэргийг анхааран ажиглаж буй нийт Монголчууддаа баярлалаа. Хамгийн гол нь бид Ардчилсан намын дотоод шинэчлэлийн ажлыг маш хурдан хугацаанд эрчимтэй хийж дотоод асуудлаа хурдан шийдэж Монгол улсын хөгжил дэвшилд Ардчилсан намын оруулах үүрэг оролцоог ихэсгэх, олон удаагийн бүрэн ялалтад хүрэхийн төлөө нөхдийнхөө хамт ажиллах болно гэдгээ хэлье" гэлээ.