Цаг үеийн мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригийн ээлжит /2021.03.29/ хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар  Засгийн газраас 2021-2023 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-ний талаархи мэдээлэл сонсов. Бүлгийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Г.Ёндон болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл оролцлоо. Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, хэрэгжилт, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр дагаврын төсөөллийн талаар танилцуулга сонсож, асуулт асууж, мөн санал зөвлөмж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

    УИХ  хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхтэй бөгөөд үүнийг Засгийн газар зөрчих ёсгүй. УИХ-ын 2020 оны намрын чуулганаар энэ оны төсөв, мөнгөний бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батлах үед  өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн асуудлууд тусгагдаагүй. Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ч суугаагүй. 10 их наяд төгрөгийн төсвийн бус эх үүсвэрийг Монголбанк бүрдүүлж байгаа нь ч энэ оны мөнгөний бодлогод тусгагдаагүй байх атал УИХ-аар хэлэлцүүлж, төсөвт тодотгол хийхгүйгээр хүч түрэн хэрэгжүүлэх гэж байгаа нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгаа асуудал юм.

    Өнөөдөр цар тахлын сөрөг нөлөөний улмаас үйл ажиллагаа нь тасалдсан 80 мянга гаруй аж ахуйн нэгж, орлого тасарсан 400 мянга гаруй иргэнд энэ 10 их наядын цогц төлөвлөгөө үр дүнгээ өгөхөөргүй байгаа. Учир нь  банкны босго, тавигдах шалгуурыг хангах бэрхшээлтэй  байна.

    Энэхүү хөтөлбөрийг зөвхөн сонгууль угтсан мөнгө тараалт, сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого байдлаар хэрэгжүүлбэл үр дүнгээ өгөхгүйгээр зогсохгүй эдийн засгаа эрсдэл оруулах аюултай.

    Засгийн газар 10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлэхийн өмнө өнгөрсөн онд хэрэгжүүлсэн 5.1 их наядын хөтөлбөрийнхөө хэрэгжилт, үр дүнг эхлээд тайлагнах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Цаашид эрэлтгүй болсон зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг ихээр хийснээр инфляциийг хөөрөгдөх, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад өрийн хэмжээг эрс нэмэгдүүлэх зэрэг эрсдэл байгааг онцгой анхаарахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс илэрхийллээ.

Таны сурталчилгаа