Эдийн засгийн байнгын хорооны гишүүд УИХ-ын харьяа, тус байнгын хороонд харьяалагдах төрийн байгууллагуудтай хийх уулзалтууд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хороонд ажилласан бол өчигдөр (2021.03.29) Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд нар Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого, зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтран ажиллах саналуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан байгууллагынхаа үйл ажиллагааны товч танилцуулгыг хийлээ. Цар тахлын нөхцөл байдлын үед санхүүгийн зах зээл эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал тулгарсан ч УИХ-аас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх”, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа талаар танилцуулгадаа дурдлаа.
Тухайлбал, хөрөнгийн зах зээлд төлбөр тооцооны Т+2 системийг нэвтрүүлснээр дотоод болон гадаадын бирж хооронд үнэт цаас хөрвөх боломжтой болсон. Олон жил яригдсан биржийн бус зах зээлийн зохицуулалтыг бий болгож, санхүүжилт босгох таатай нөхцөлийг ийнхүү бүрдүүлснээр зах зээлийн үнэлгээ анх удаа 3.0 их наяд төгрөгт хүрсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж санхүүгийн хэрэгсэл болгосон гэлээ.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд үйл ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг сайжруулж уялдаа холбоог анхаарах, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуудал гарсны дараа биш асуудал үүсэхээс өмнө хяналтаа тавих хэрэгтэй. Банкны зөвшөөрөлгүй мөртлөө банкны нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлүүд байгааг сануулж байлаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим шилжилтүүдийг шуурхайлах, хяналт шалгалтаас гадна салбарынхныгаа дэмждэг бодлого дутагдаж байгааг шүүмжилж байлаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар иргэд зөвхөн мөнгөө хадгалуулдаг эсвэл зээл авдаг биш арилжаанд оролцдог, хувьцаа авдаг, үр өгөөжөө авдаг байх ёстой. Хууль эрхзүйн хувьд хангалттай гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээлд банкны оролцоо 90 хувь байна. Энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн бирж, даатгалын салбар үүнд чиглэж ажиллах хэрэгтэйг сануулсан юм.
Мөн тэрбээр салбарын хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийг хурдацтай хөгжүүлэх хөгжлийн оновчтой бодлого явуулах чиглэлээр Байнгын хороо хамтран ажиллахад бэлэн гэдгийг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.