УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар сонгов.
Байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллах болсон. Иймд УИХ дахь олонхын бүлгээс УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Тус Байнгын хороо энэ сарын 30-ны хуралдаанаараа УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг даргаар сонгохыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны даргаар Г.Дамдиннямыг сонгохыг дэмжлээ.
Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.